Наймааны цонх бүрээр маш олон тоглогчидтой холбогдож, багтаа авахаар хичээж, янз бүрийн болсон болоогүй дуулиан шуугиан дагуулах мэдээллүүд гарч байдаг. Энд зарим нь бүр Ливэрпүүлд ирчихлээ гэсэн цуу яриа гарч, зарим нь бараг эмчийн үзлэгээр орох дөхсөн ч бурхан Ливэрпүүлийг харж үзэн биеллээ олж чадаагүй наймаануудыг танилцуулж байна.
Мэнэжэр: Мартин О’Нэйлл
Рафа Бэнитэзийг Ливэрпүүлийн экс эзэд Жиллэтт, Хикс нар ажлаас нь халсны дараа мэнэжэрийн эрэлд гарч байх үест Мартин Мартин О’Нэйллийн нэр маш их яригдаж байсан. Хойд Ирланд мэргэжилтэн өөрийгөө Ливэрпүүлийн мэнэжэрийн албан тушаалд санал болгож байсан юм. Гэхдээ Ливэрпүүлийн фэнүүд үүнд санаа зовох хэрэг байгаагүй ч барын амнаас арслангийн аманд гэдэг шиг Рой Хожсон багийн удирдлагыг авсан билээ.
Хаалгач: Уэйн Хэннэсси
Ливэрпүүлийн хаалганд Пэпэ Рэйна дархлагдсан байх үед ч Ливэрпүүлийн хэд хэдэн хаалгачидтай холбогдож байжээ. Эдгээрийн дундаас нэгэн бидэнд төдийлөн таалагдахааргүй наймаа явагдах гэж байсан нь Уэйльс хаалгач Уэйн Хэннэсси байсан юм. Ливэрпүүл түүнийг авахаар шаргуу оролдлогууд хийж байсан ч Чононууд түүний үнийг 7 саяаас буулгахгүй гэж мэдэгдсэн нь Ливэрпүүлийн оролдлогуудыг үгүй хийсэн юм. 2011-12 оны улиралд Уэйн Хэннэсси 30 тоглолт дараалан хаалгандаа бөмбөг алдсан гэсэн аймшигтай үзүүлэлтийг нь хараад хөгжөөн дэмжигчид Ливэрпүүл Хэннэсситэй гэрээ хийж орхиогүйд баяртай байх нь дамжиггүй. Ингээд бодоход манай Брэд Жонс хамаагүй илүү байгаа биз …
Баруун ар: Люк Янг
2010 оны хогийн улирал эхлэх гэж байхад Ливэрпүүл үнэхээр сонин сонин тоглогчидтой нэр холбогдож байлаа. Рой Хожсон гэх ур чадвар барагтайхан мэнэжэр, клубыг нөмрөөд авсан байсан санхүүгийн хямралтай нийлээд авсан тэр үед хар дарсан зүүдэнд ч сонсогдомгүй онцгүй нэрс сонсогдож байлаа. Тэдгээр онцгүй нэрсийн зарим нь улаан өмсгөлийн ар талд бичигдсэн нь үнэхээр харамсалтай. Глэн Жонсон, Мартин Кэлли нарыг харгалзан үзэлгүйгээр Рой Хожсон Ливэрпүүлийн баруун арын байрлалыг Люк Янг-д хариуцуулахаар бэлтгэж харин BBC энэ талаар Вилла Паркийн хамгаалагч Ливэрпүүл рүү явахаар бэлтгэж байна хэмээн мэдээлж байлаа.
Төвийн хамгаалагч: Алэкс Пийрс
Хэдхэн долоо хоногийн өмнө Рийдингийн төвийн хамгаалагч Алэкс Пийрс Лондоны нэгэн шөнийн клубт Иан Эйртэй хамт байгаа зургийг Ливэрпүүлийн фэнүүд хараад зарим нь золтой л нөгөө ертөнц рүү заларчихаагүй гэнэ. Тэд хамтдаа юу хийж ярьж байсан юм бол? Бүр шөнийн клубт … Алэкс Пийрс Ливэрпүүлд таарч тохирох төвийн хамгаалагч мөн гэж харахын тулд хэр зэрэг алкохол уух хэрэгтэй бол? гэх мэтчилэн асуултууд ар араасаа хөврөн гарч ирлээ. Эдгээр асуултуудын хариулт олдоогүй ч ямартай ч Коло Турэ Ливэрпүүлд ирэх болсноор дээрх яриа намдсан байна. Одоо бол энэ зураг Иан Эйр, Пийрс нар зүгээр л шоудаж явж байгаад тааралдаад зураг даруулсан гэдэг сэтгэгдэл л төрүүлдэг болжээ.
Төвийн хамгаалагч: Скотт Данн
Нэгэн цагт Скотт Данн бараг л Ливэрпүүлд ирчихсэн байсан гэнэ. Ливэрпүүл хотод төрсөн, бага наснаасаа л Ливэрпүүлийн фэн байсан залуутай Ливэрпүүл нэлээд холбогдож байсан. Ян Молби нэгэн удаа “Данн бол Каррагэр шиг маш сайн төвийн хамгаалагч. Тэр аз туршсан алхам огт хийдэггүй” гэх мэтээр Ливэрпүүл Эхо-д бичиж байжээ. Гэвч копууд Данныг Анфилд дотор бүү хэл Анфилдын ойр ч харахыг хүсэхгүй байлаа. Үүний дараа Молби “Гэри Кахилл бол Рио Фэрнинанд маягийн төвийн хамгаалагч бөгөөд Даннаас ур чадвараараа хол илүү” гэх мэтээр бичиж эхлэв. Энэ нь харин үнэн байсан бөгөөд Кахилл Стамфорд Брижэд очоод үүнийгээ батласан бөгөөд харин түүнээс Фэрдинандтай төстэй үнэр ч үнэртээгүй юм. Харин нөгөө Данн маань Чампионшипийн ёроол хавьд Блэкбурн Ровэрсын хамт байж байгаа билээ.
Зүүн ар: Лукас Нэйлл
Лукас Нэйлл Ливэрпүүлд ирэхээс Вэстхэмд очихыг илүүд үзсэн шалтгаан нь алхнууд түүнд долоо хоногийн 70 000 паундын цалин амласанд л байлаа. Нэйлл сүүлд нь хэвлэлд ярилцлага өгөхдөө Ливэрпүүл түүнд тухтай орчин, таатай нөхцөл амлахгүй байсан учраас Рафа Бэнитэзтэй ярилцаа ч гүй хэмээн ярьж байсан юм. Харин Рик Парри Дэйли Мэйлд өгсөн ярилцлагадаа “Рафатай зэрэгцээд сууж байхдаа утасны нөгөө үзүүрт ямар хүн байгаад байсныг би мэдээгүй ч Лукас Нэйлл байсан гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. “Лукасын шийдвэр нь бидний тавьсан болзлыг хүлээн зөвшөөрөхгүй байх байсан бөгөөд Блэкбурнээс түүний төлөө авах үнийг нь фэнүүд сонссон бол мэл гайхаж, цэл хөхрөх байсан биз” хэмээн Рик Парри нэмж хэлсэн юм. Нэйлл Вэстхэмийн багийн ахлагч болсон бөгөөд төд удалгүй түүнийг Luca$h хэмээн хочлох болж эцэст нь тэр Эвэртон руу хүлгийн жолоог залсан.
Баруун жигүүр: Клинт Дэмпси
Өнгөрсөн зун Ливэрпүүл Клинт Дэмпсиг Тоттэнхэмд алдсаны дараа нэлээд олон Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид сэтгэл дундуур үлдсэн. Энди Кэрроллыг аль хэдийн алхнуудад зээлж орхисон байсан бөгөөд Брэндан Рожэрс Луйс Суарэз, Фабио Борини гэсэн хоёрхон довтлогчтой үлдээд байв. Дэмпси өнгөрсөн улиралд нь Лигтээ 17 гоол оруулж Фулхэмийн оны шилдэг тоглогчоор нэрлэгдээд байсан юм.
Харин түүнийг алдсаныхаа дараагийн өвлийн цонхоор Даниэл Старрижийг эгнээндээ нэгтгэсэн нь оновчтой наймаа болж элдвийн яриаг дуусгавар болголоо. Дэмпси Спарсын төлөө 29 тоглолтонд оролцсон ч 7 гоол оруулжээ.
Төвийн хагас хамгаалалт: Пол Шарнэр
“Зовлон шаналал”-ын жилд Ливэрпүүлтэй нэр нь холбогдоод байсан нэгэн тоглогч бол Уиган Атлэтикийн Пол Шарнэр. Австри залуугийн гэрээ дуусч тэрээр өөрийн өөдрөг үзэлт төлөөлөгч болох Валэнтин Хобэлыг дагуулан Хавиэр Машэраног орлохоор Ливэрпүүлтэй яриа хэлэлцээр хийж эхлэсэн байх юм. Хобэлын ярианд толгой нь эргэсэн Рой Хожсон “Түүнийг хүч чадал хамгаалалтаас илүү төвийн хагас хамгаалалтын шугаманд илүү нөлөө үзүүлэх болно” гээд “Рой Хожсон ба Пол Шарнэр – онцгой харьцаа” гэж хэлснийг нь талархан хүлээж авсан байлгүй. Ганц зүйл хэлэхэд тийм зүйл болоогүйд нь би өөрийнхөө, клубын, фэнүүдийн, бүр Хожсоны ч өмнөөс баяртай байна.
Төвийн хагас хамгаалалт: Ли Бойер
9 сая паундыг Лийдст төлөөд өөрт нь долоо хоногийн 35 000 паундын цалинг амлачихаад яг гүйцэлдүүлэх товчин дээр яг дарах байснаа Жэрар Улье гэнэт хуруугаа татсан юм. Мэнэжэр Жэрар Улье тухайн тоглогч нь клубын төлөө гэсэн сэтгэл, Ливэрпүүлийн тоглогчидтой ядаж дүйцэхүйц ур чадвартай эсэхэд нь эргэлцсэн хэрэг л дээ. Тэгээд Ли Бойер Вэстхэмийн зүг явсан юм.
Зүүн жигүүр: Матью Тэйлор
Бас нэгэн дунджуудын төлөөлөл 2010 онд Болтоноос Ливэрпүүлд ирэхээ шахсан түүх. Улирлын эхний хоёр ч тоглолтонд хөгийн алдаа гаргаж байсан түүний гарын үсгийн төлөөх тэмцэлд Ливэрпүүл нэгдэж байна гэж английн хэвлэлүүдээр гарах болов. Хуучин Портсмутын төлөө тоглож байсан түүнийг Рой Хожсон Глэн Жонсоны төгс хамтрагч, эсвэл түүний байрлалын төлөөх өрсөлдөөнд оруулж болох талаар бодож байжээ.
Довтлогч: Карлтон Коул
Жо Коул, Пол Кончэски, Кристиан Поулсэн гэх мэт тоглогчдыг эгнээндээ нэгтгээд байсан ч Рой Хожсоны Ливэрпүүлд учруулах гэсэн хохирлын хэмжээ цаашлан үргэлжлэх боломж бүрдээд байсан нь Карлтон Коулыг Лукас Лэйвагаар шууд солихоор бэлтгэж байсанд оршино. Райн Бабэл зарагдсан бөгөөд Лондон руу нисдэг тэргээр нисэн одсон тухай английн зарим хэвлэлүүд шуугиж эхлэсэн бөгөөд энэ нь ч дээрх наймаа хэрэгжих боломжтойг фэнүүдэд баталж байлаа. Гэвч удалгүй Бабэл “Би хаашаа ч явах гээгүй байна. Ямар ч байсан ЛФС-д үлдэнэ. YNWA” гэсэн твийт бичсэнээр дээрх наймаа хийгдэхгүй болсон нь тодорхой болсон юм.
Хожсоны хийсэн бүх наймаанууд одоо Анфилдэд байхгүй болсон бөгөөд Пол Кончэскиг л гэхэд 3,5 сая дээр нэмээд акадэмийн Лори Далла Валлэ, Алэкс Каканиклич гэсэн гялалзсан хоёр залууг явуулж орхисон. Өдгөө Каканиклич Швэдийн шигшээ багт байр сууриа олчихсон бол Кончэски нь Кончэски хэвээрээ л байж байна.
Довтлогч: Кэнвин Жонс
Рафа Бэнитэз Кэнвин Жонсын араас бараг гурван жил хөөцөлдсөн нь хачин юм шүү. Сүүлд 2010 онд түүнийг Ливэрпүүл зээлээр авахыг хүсч байсан байна. Гэтэл мэнэжэр нь байсан Стив Брюс “Эндээс харахад доромжлогдсон мэт сэтгэгдэл төрж байна. Тэд /Ливэрпүүл/ Жонсыг зээлээр авч чадна гэж бодож байгаа нь үнэхээр утгагүй хэрэг” хэмээн уурсан ярилцлага өгч байв. Дараа нь Жонс Стоук Ситигийн түүхийн хамгийн үнэтэй наймаа болох 8 сая фунтээр очсон бөгөөд 81 тоглолтонд 13 –хан гоол гэсэн маруухан амжилттай өнөөг хүргэжээ.
Сэлгээ:
Майкл Оуэн
Рэал Мадридад ганц улирлыг арайхийн өнгөрөөснийхөө дараа Майкл Оуэн эргээд өөрийн хайртай баг болох Мэрсисайдын улаанууд руу эргэн ирэх магадлалтай болоод байв. Тэр өөрөө ч үүнийг хүсч байсан байх. Зөвхөн улаанууд ч биш Ньюкасл болон Эвэртон түүнийг англид эргэн ирээч хэмээн ятгаж байсан юм. “Дэвид Мойес намайг Гүүдисон Паркт харахыг хүсч байсан тухайгаа илэрхийлж байсан” гэж тэрээр тухайн үед BBC-д ярилцлага өгч байв. Оуэн мөн Рафатай уулзаж хоёр цаг хагас ярилцсан тухайгаа ч ярьж байсан юм.
Ингээд эцсийн бүлэгт Оуэн Ньюкаслд очиж харин тэдний эзэн Фрэдди Шэффэрд “Майкл Ньюкаслтай гэрээ хийсэн нь миний Ньюкасл дахь хамгийн сайхан мөчүүдийн нэг болох Алан Шийрэрийг энэ клубт авчирж байсантай тэнцэхүйц үйл явдал боллоо” хэмээн баяртайгаар зарлаж байв.
Коннор Викхам
2011 онд Ливэрпүүл Коннор Викхамын төлөөх өрсөлдөөнд хүчин мөхөстсөн тухайд бид мэднэ. Харин Сандэрланд биднээс Хэндэрсоны төлөө авсан мөнгөөрөө Ипсвичээс Коннор Викхамыг багтаа элсүүлж чадсан ч ирээдүйн од Сандэрландад хоёр улиралд хоёр гоол оруулсан үзүүлэлттэй л явж байна.
Жэймс Битти
Ливэрпүүлийн фэнүүдийн уурыг нь барж дуусгах Рой Хожсоны ээлжит оролдлогуудын нэг. Олон зүйл нуршилгүйгээр одоо Жэймс Битти Аккрингтон Станли хэмээх тоогоор ярьвал Английн 4-р лиг болох Лиг 2-ын багийн тоглогч-дасгалжуулагчаар ажиллаж байгааг дуулгая.
Тэгэхээр дараагийн удаа Ливэрпүүл наймааны цонхоор авах гэж байсан хүнээ алдлаа гэж дуулдах юм бол тайвшир. Бүр долоон дор юм ч болох байсан юм бил үү.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Нисдэг Чэстмир