СЕХ сонгогч бүрт өгч байгаа “1000 нэгж”- дээ тайлбар өгнө үү

gggМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00-22:00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн санал хураалтын ирц өнгөрсөн сонгуулиудаас улам буурч байгаатай холбоотойгоор СЕХ-оос энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогч бүрт 1000 нэгж утсанд нь  өгөхөөр болж, энэ шийдвэр нэгэнт хэрэгжээд эхлэжээ. Энэ асуудлаар цахим хэрэглэгчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Манай улсад  сонгууль оролцох нийт 1 сая 800 мянган гаруй сонгогч саналаа өгөхөөр бүртгэлтэй байдаг бөгөөд нэг сонгогчид 1000 нэгж өгч байгааг эл сонгогчдын тоонд харьцуулж үзвэл ойролцоогоор 1 тэрбум 800 сая төгрөг зарлагдана гэсэн үг юм. Гэхдээ сонгуулийн ирцээс хамаарч энэ тоо буурна.  Зах зээлийн нийгэмд үнэгүй юм гэж нэгээхэн ч үгүй болохоор бас дээр нь энэ үйлчилгээг  гар утсанд хүргэж байгаа үүрэн телефоны оператор  компаниудад үйлчилгээний хөлс олгогдоно.

Сонгогчидын 60 хувь нь саналаа өгч, 1000 нэгжийн урамшуулал хүртлээ  гэж үзэхэд энэ үйлчилгээг хүргэсэн зардалтайгаа нийлээд хамгийн багадаа тэрбум гаруй  төгрөгийг  төсвийн хөрөнгөнөөс  зарцуулах тооцоо гарч байна. Энэ бага мөнгө  биш.

За  мөнгө ч яах вэ дуусжээ гэж бодоход, хамгийн гол нь цаашид сонгууль бүрт  СЕХ-оос иргэдийг саналыг нь өгүүлэхийн тулд ингэж “авлигаддаг” жишиг тогтох бий гэхээс болгоомжилж байна. Дараа дараагийн сонгуулиар иргэд сонгогчид  сонгуульд оролцохын тулд СЕХ-оос нэгжээ өг гэж нэхэх  юмуу, эсвэл өгдөг нэгжээ нэмэгдүүл гэвэл яах вэ?

Уг нь  сонгох, сонгогдох эрх бол Монгол  улсын үндсэн хуулиар олгогдсон эрх. Иргэд саналаа өгнө гэдэг нь иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа явдал. Түүнийх нь төлөө төрөөс мөнгө, түүнтэй тэнцэх эд зүйл өгч байгаа нь нэг талаас Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа явдал, нөгөө талаас иргэдийг “ядуу дордоор нь” доромжилж байгаа үйлдэл гэж ойлгогдохоор байна.

Монголчуудын цөөнгүй хэсэг нь хэдий ядмагхан амь зууж байгаа ч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд 1000 нэгжээр санал өгөхдөө арай ч тулаагүй л байлтай.  Тэр тусмаа эртнээс сонгуулиа өгөөд дадчихсан манай ахмадууд, лав энэ санал, санаачлага таалагдахгүй байгаа биз.

Монгол хүн, иргэнийхээ үүргийг биелүүлсэний төлөө улсаасаа 1000 төгрөгийн нэгж авах тийм дорой сэтгэлгээтэй болчихсон гэж үү. Энэ хэний санаачилсан “гоё” санаа бэ. Албаны мэдээллээр бол Сонгуулийн ерөнхий хороо энэхүү санаачлагыг гаргаж, сонгогчдын  санлыг нь өгүүлэхийн тулд хийж буй мэргэн санаа гэнэ. Урьд өмнө нь сонгуулийн санал хураалтын үеэр ийм санал санаачлага гарч байгаагүй ажээ. Иргэдийн хэд нь 1000 төгрөгөө авахын тулд саналаа өгнө гэж итгэх бэ. Харин ч сонгогчидын эгдүүцлийг хүргэсэн, доромжилсон санаа биш гэж үү СЕХ-ныхон. Та бүхэн  үүндээ тайлбар өгөх ёстой болоод байна.

Төрийн төлөөллөө сонгох сонгуульд хүндэтгэлтэй ханддаг, төрөө дээдэлдэг манай урд түмэнд ийм “доромж” санаа зохихгүй болов уу. Саналаа өгсөн ч нэгж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн сонгогч  олон  байна. “Иргэнийхээ үүргийг л биелүүлсэн. Нэгж авах ёсгүй” гэж байр сууриа илэрхийлсэн жиргээчид цаагуур чинь олон байна. Нөгөөтэйгүүр үнэгүй юм гэж байдаггүй биш бил үү. Сонгуульд саналыг өгүүлэх нэрийдлээр аль нэг нам, улс төрийн хүчнийхэн энэ үйл ажиллагааг санаачлаад байгаа юм биш  биз гэж хардах иргэд ч цөөнгүй байна.

Жиргээчдийн  дунд  саналаа өгөөд оронд нь авах нэгжээ  “БНСУ-д эмчилгээ хийлгэж буй дөрвөн настай Б.Танан охинд туслах аян”   байдлаар  санаачлага гарган бэлэглэж эхлээд байна. Сонгуульд зарцуулахаар төсөвлөсөн энэ мөнгөний нэг хэсэг нь энэ мэтээр бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын өвдөж зовсон нэгэнд нь  хүрч байвал юуны буруу байхав. Гэвч  нэг тэрбум гаруй  төгрөг /нэгж/ хөөрхий охинд шууд хандив болоод оччино нь гэвэл бас худлаа.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын  олон орны сэтгүүлчид сурвалжлан хүргэж байна. Дэлхийн том хэвлэлүүд “Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох сонгуульд саналаа өгөөд 1000 нэгж авч байна” гэж мэдээлвэл ямар сонсогдох бол, Ардчилсан Монгол улсын   нэр хүндийг дэлхий дахинд хэрхэн харагдуулах бол. Харамсалтай нь нэгэнтээ  ийм мэдээлэл дэлхий дахинд  цацагдах нь  тодорхой боллоо.  Дэлхийн улс орнууд Монгол иргэд  1 доллар хүрэхгүй “үнээр” сонгуулиа өгч “худалдагддаг” гэх ойлголтыг авчихвал ямар вэ?

СЕХ-ны удирдлагууд яагаад  энэ бүхнийг бодолцолгүй шийдвэрээ гаргав. Засгийн газар энэ бүхнийг мэдээгүй өнгөрөв үү, мэдсэн нь  мэдээгүй царайлаад өнгөрүүлэв үү гэдэг асуудал бас сөхөгдөн гарч ирж байна.

Энэ бүхний эцэст СЕХ саналаа өгсөн иргэн бүрт 1000 төгрөгийн нэгж өгч байгаа явдлаа  сонгуулийн дараа тайлбарлана гэдэгт итгэж байна.

Т.Түвшин

ugluu-logo6

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …