Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг тайлагнаж байна.
Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна
Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн 81 байгууллагаас 74 нь, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 47, нийт 121 байгууллага 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан Мал эмнэлэг, үржлийн газар, Налайх дүүрэг, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар, Барилгын хөгжлийн төв, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн 27 сум, 1 тосгонд тус тус ажлын хэсэг гарган ажиллалаа.
Мөрдөн байцаагчаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 8 мэдэгдлийн мөрөөр хэрэгжилтийн байдлыг нь судлан үзлээ. Мэдэгдэл хүргүүлсэн 8 байгууллагын 4 нь Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагийн, 4 нь орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд байх бөгөөд гэмт хэрэгт холбогдсон нийт 19 албан тушаалтны дийлэнхи нь цагдаа, гааль, иргэний харьяал, шилжилт хөдөлгөөний газрын байцаагчид байна. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Төрийн өмчийн хорооноос гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүдийг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн байдалтай биечлэн танилцав.
Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах ажлын хүрээнд өөртөө удаа дараа урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаад сануулах, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатад сахилгын шийтгэлийг тус тус авахуулжээ. Мөн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэд байгууллагын өгсөн хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг хянаж Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгуулсан байна.
Соён гэгээрүүлэх чиглэлээр бага насны хүүхдэд тохирсон асуулт зохиож хариултаар нь эвлүүлдэг дүрс хийх замаар puzzle тоглоом хийх, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтын слайд, асуулгыг сургалтад хамрагдаж байгаа бүлэгт тохируулан төрийн албан хаагч, төрийн удирдах албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтан, эмч, багш зэргээр тусгайлан бэлтгэж, боловсруулаад байна.
Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн үнэлгээ 3.58 гарсныг танилцуулав
2014 оны судалгааны үр дүнгийн тооцооллыг гаргаж тайланг боловсрууллаа. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн үнэлгээ 3.58 гарсныг парламентад суудалтай намууд болон төрийн захиргааны төв, хууль сахиулах байгууллагууд, шүүхийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх уулзалт болон төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны үр дүнг судалгаанд хамрагдсан байгууллагуудын төлөөлөлд танилцуулах ажлыг тус тус зохион байгуулав.
“Монгол Улсын Авлигын индекс тооцох аргачлал”-ыг боловсронгуй болгох зорилгоор яам, агентлаг болон судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгийн мөрөөр холбогдох засвар өөрчлөлтийг аргачлалын төсөлд тусгахаар ажиллаж байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулан явуулдаг судалгаануудыг холбогдох байгууллагуудад танилцууллаа.
Улсын хэмжээнд 38411 албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлжээ
2014 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна. Улсын хэмжээнд 38423 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.
Түүнчлэн нийт 175 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж дууссан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 125,8 хувиар илүү байгаа ажээ. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой нийт хүлээн авсан өргөдөл, гомдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21,3 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол нь 20,2 хувиар тус тус нэмэгдсэн байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ.
125 холбогдогчтой 101 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар болон бичгээр, мөн биечлэн ирүүлсэн нийт 286 гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авчээ. Эндээс гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсчээ.
Энэ оны 1 дүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой 101 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 8 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байв.
Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүллээ.
Авлигатай тэмцэх газар нь салбар, бүтцийн нэгжгүй бөгөөд 2015 оны 1 дүгээр улиралд тус газрын 50 албан хаагч 187 хоног хөдөө орон нутагт томилолтоор ажиллажээ.