Олон улсын олимпийн хороо болон НҮБ-аас хамтран зарласан “Олон улсын спортын өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа энэ сарын 6-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор 2 дахь жилтэйгээ золгож байна. Ингээд энэ тухай бэлтгэсэн мэдээллийг одоо үзэгч та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр спорт хэмээх их айл буюу нэгэн гэр бүлд багтдаг бүх шатны байгууллага, тамирчид хамтран Олон улсын спортын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг.
“Спорт-хөгжил-энхтайван” уриатай олон улсын спортын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай ОУОХ, НҮБ-ын хамтарсан тогтоол байдаг.
Энэ хүрээнд хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний олимпийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг.
Анхны түүхийг товчхон сөхөе. 1896 оны дөрөвдүгээр сарын 6. Өнөөдөр их спорт, гайхамшигт олимпийн наадмын түүхэн дэх хамгийн чухал өдөр. Зуны олимпийн анхдугаар наадам Грекийн Афин хотод нээлтээ хийж, анхны олимпийн галт бамбар бадамлан ассан энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын спортын өдөр” болгон зарласнаар өнөөдөр дэлхий нийтээр цэнхэр гаригийн өнцөг булан бүрт спортын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анхдугаар олимпийн наадамд Австрали, Австри, АНУ, Болгар, Герман, Грек, Дани, Их Британи, Унгар, Франц, Чили, Швейцари, Швед зэрэг 13 орны 311 тамирчин, есөн спортын 44 төрөл, зайд 132 медалийн төлөө өрсөлдөж байжээ. Зөвхөн эрэгтэй тамирчдын дунд зохиогдсон олимпийн наадам гимнастик, хөнгөн атлетик, сонгомол бөх, дугуй, буудлага, усанд сэлэлт, теннис, хүндийн өргөлт, туялзуур жадны спортын төрлүүд багтаж байсан юм. Энэ зуны олимпийн анхны наадмын хамгийн олон медалийг Грекийн тамирчид хүртэж, түүхэн олимпод тэргүүлж байв. ОУОХ, НҮБ-аас хамтран зарласан Спортын олон улсын өдрийг Монголд анх удаа спортын төрийн болон төрийн бус байгууллага, спортын халуун ам бүлийн дэмжлэгтэйгээр 2014 оноос тэмдэглэж эхэлсэн. Олимпийн таван цагаригийн доор эвлэлдэн нэгдэж чадсан хүн төрөлхтөн одоо ч энх тайвны бэлгэ тэмдэг болсон олимпийн талбарт шударгаар өрсөлдсөөр байна. Тэднийг Спорт гэж аугаа ертөнц нэгтгэдэг юм.
Түүхэндээ анх удаа 44 жилийн дараа 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас анхны олимпийн аваргаа өлгийдөн авсан Монголчуудыг Спорт хэмээх гайхамшиг ертөнц эвлэрүүлэн нэгтгэсэн юм.
Харин өнөөдөр Олон улсад Олон улсын олимпийн хорооны гишүүд өөрсдийнхөө хичээллэж байсан спортын төрлөөр бэлтгэл хийж энэ өдрийг хамтдаа өнгөрүүлж байна. Манай улсад волейболын идэрчүүдийн УАШТ Буянт-Ухаад, Мэргэжлийн сургалттай спортын дунд сургуулиас “Тэмүүлэл кап”, Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн тэмцээн тус тус үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: www.ssport.mn