МУ-ын Ерөнхий сайд өнгөрсөн ням гаригт ард түмэндээ хандан үг хэллээ. Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтуудын талаар мэдээлж, эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлыг долдугаар сарын 1-нээс эхлүүлнэ хэмээн зарлалаа.
…Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. 24 жилийн өмнө Бямбасүрэн гуайн Засгийн газар Монгол Улсын хөгжилд нэг буянтай зүйл хийсэн нь үнэ тариф, бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн явдал юм. Өнөөдөр бид энэ том үйлсийг дуусгаж, эцсийн цэгийг нь хатгах ёстой. Одоогоор эрчим хүч, гурил буудай, шатахуун шатах тослох материалын гэсэн 3 үнэ зах зээлийнхээ зарчмаас гажуудан төрийн оролцоотой тодорхойлогдож явсаар байна.
Эрчим хүчний үнээ зохиомлоор, хиймлээр барьснаар эдийн засаг, аж үйлдвэржилтийнхээ хөгжлийг чөдөрлөсөөр байна, бид. Өнөөдөр бусдад эрчим хүч экспортлоод сууж байхын оронд бусдаас импортолсон эрчим хүчээр хамжин дамжин онд орж байна. Өнгөрсөн хоёр жилд хүчин чадлыг нь нэмэгдүүлснийг эс тооцвол сүүлийн 40 жилд дулааны нэг ч цахилгаан станц шинээр бид барьсангүй ээ. Гаднаа түлээтэй мөртлөө цай чанахдаа ч бусдаас гал гуйж байгаа айлыг арчаатай гэх үү?
Засгийн газар энэ оны 7 сарын 1-нээс эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхлэхээ зарлаж байна. Эхний ээлжинд системийн алдагдлаа бууруулах, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажлаа хийж байна.
Айл өрх, нийгмийн шаардлагатай давхаргаа хамгаалах зорилгоор энгийн хэрэглээтэй дундаж айлын 150 квт хүртэлх хэрэглээгээ өнөөгийн хуучин тарифаар харин илүү хэрэглээгээ зах зээлийн зарчмаар төлдөг шинэ журамд шилжинэ.
…Ийм ч учраас засгийн газар олон жил яригдсан 5-р цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж байгаа хоёр тал болох Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагч түншлэлийн төлөөллийг дуудаж уулзсан. Бүх яриа хэлэлцээ, бичиг цаасны ажлаа энэ сард багтааж дуусгахыг хоёр талд үүрэг болголоо. Хэрвээ сардаа багтаж хэлэлцээгээ дуусгаж амжихгүй бол нэг талаас яам тамгын ажлын хэсгийн гишүүдийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно, харин нөгөө талаас тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч дараагийн түншлэлтэй шинэ хэлэлцээр эхлүүлнэ гэдгийг хувийн хэвшлийнхэнд хатуу санууллаа. Хоёр тал ингэж чадахаа илэрхийлж 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долдугаар сард эхлүүлэхээ амаллаа. Эхлэх төгсөх нь, хэзээ хэрхэх нь мэдэгддэггүй ийм олон төслийг энэ мэтчлэн хурдан шийдвэрлэх болно.
Засгийн газраас 5-р цахилгаан станцын төслөөс гадна Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахилгаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. Ялангуяа, Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүч системийнхээ хувьд бүрэн бүрэлдэж ажиллах боломжтой болох юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээршинээр 6-7 станц зэрэг баригдаж эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болно. Хүнээс гэрэл гуйхгүй, хүнд худалдаж ашиг олдог болно. Дараагийн шинэ асуудал болох дамжуулах шугамын бүтээн байгуулалтад шууд шилжин орох шаардлага урган гарч байна...