Bloomberg телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулсан Bloomberg Awards-ийн хамгийн нэр хүндтэй шагнал буюу “Үзэгчдийн нэрэмжит” шагналд иргэдэд газрыг цахимаар өмчлүүлэх төсөл шалгарлаа. Энэ нь иргэдэд газар өмчлүүлж эхэлснээс хойш газар өмчлөх явцыг ухаалаг, хялбар болгох чиглэлд хийгдсэн томоохон өөрчлөлт болсон ажил юм. НИТХ-ын 2013 оны тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр тогтсон.
Өнгөрсөн оны 10-р сард болсон эхний ээлжийн цахим бүртгэлд 28 мянга 440 иргэн хамрагдсанаас 14 мянга 954 иргэн санамсаргүй сонгогдож газраа өмчилж авах эрхтэй болсон юм. Харин энэ оны 2-р сард зохион байгуулагдсан хоёр дахь ээлжийн цахим бүртгэлд Улаанбаатар хотын 8 байршилд газар өмчлөхөөр 184 мянга 569 иргэн бүртгүүлж 13 мянга 819 нэгж талбарыг өмчилж авчээ. Ингэснээр одоогийн байдлаар нийт 466 мянга гаруй иргэн цахим бүртгэлд хамрагдаад байна. Цаашид газар өмчлөх эрхтэй 900 мянга орчим иргэнд газар өмчлүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна. Шилдгээр шалгарсан төсөл нь иргэдийн бүртгэлийг НЗДТГ-ын Ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын Omch.gov.mn вебсайтуудаар явуулдаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.