2015 оны 4 дүгээр сарын 3, 4-нийамралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 767 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 625 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав .
Мөн нийслэлд их хэмжээний цас орж гудамж замд хальтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, замын түгжрэл саатал бий болж хөдөлгөөний эрчим удааширсан. Иймд жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, хөдөлгөөний эрчимд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.