Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно
Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцыг захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт, зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлэхээр, хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 800 айлын, аймгийн төвүүдэд 60-аас доошгүй айлын түрээсийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийн сард төлөх түрээсийн төлбөрийн дундаж хэмжээг Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас 2 дахин бага байхаар тогтоож, 1300 айлын түрээсийн орон сууцыг барихад зарцуулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн тооцоог гаргажээ.
Түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгосноор орон сууцны барилгыг бага, дунд орлоготой иргэдэд урт хугацаатайгаар түрээслэх боломжтой болно. Төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай иргэд тохилог орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурна гэж тооцоолж байна. Түрээсийн төлбөрөөс тухайн орон сууцны барилгын засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх хуримтлал үүсгэж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулан ажиллах юм.
Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлнэ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж, УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр тогтов. Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлснээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэнэ. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Энэ жил 300 мянган га талбайд улаанбуудай тариалж, 465.7 мянган тонн буудай хурааж авна
Хаврын тариалалтын бэлтгэл хангалтын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулах талаар баримтлах бодлог, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
2015 онд улсын хэмжээгээр 328,6 га талбайд үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 мянган га-д төмс, 8,3 га-д хүнсний ногоо тариалж, 500,2 мянган тонн үр тариа, үүнээс 465,7 мянган тонн буудай, 167,7 мянган тонн төмс, 104,7 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байна. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэл ажлаа хангажээ.
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах үндсэн баримт бичиг болдог. Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус ажиллагаанууд удаа дараалан гарч байгаа нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлээс сэргийлэх, таслан зогсооход тохирсон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахад хүргэж байна. Дээрх шалтгаанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагуудад удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрт нийцүүлэн үндэсний хөтөлбөртөө нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллахыг гишүүн улс орнууддаа уриалж байна. “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенцийн хавсралтад оруулсан нэмэлт стандарт, зөвлөмжийг “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т тусгаагүй тул шинэ нэр томьёо, нэмэлт шаардлагуудыг нэмж тусгахаар тогтлоо. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй юм.
Товч мэдээ
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцээс Нисэх буудлуудын удирдах газар, Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын чиг үүргийг тусгаарлан “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгууллаа.
-“Алтанбулаг”, “Замын Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
-Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн 2015 оны 4 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
-Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
-Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын нишүүдэд танилцуулав. Тус өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай мөнгийг Засгийн газрын нөөц хрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
-2015 оны 4 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын тухай Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Гурван улсын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг дэмжив.
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тодорхойлсон эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг барих “Шинэ төмөр зам” төслийн ажлын явцын талаар Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
-“Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтод шилжих явцыг удирдах нь” сэдэвт Монгол Улсын сайн дурын үндэсний илтгэлийн төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав. “Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтод шилжих явцыг удирдах нь” сэдэвт Монгол Улсын сайн дурын үндэсний илтгэлийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хүргүүлэхээр тогтов.
-“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2014 оны хэрэгжилтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд удааширч байгаа зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
-Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын тогтоолын дагуу хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй эхний 12 компаний хүсэлтийн дэмжсэн албан тоотыг Монгол банкинд хүргүүлжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 648 өргөдөл хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.