Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих асуудлаар зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.07/ 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

DSC_8087Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч уг асуудлын талаарх зарим танилцуулга, материал дутуу, ажлын хэсгийн зарим албан тушаалтнууд хуралдаанд ирээгүй учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж буйгаа байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар энэ оны дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлжээ.

Засгийн газрын гишүүн Ц.Цолмон энэ талаар хийсэн танилцуулгадаа, энэхүү төслийн зорилго нь улсын хэмжээнд төслийн эхний хоёр шатанд хэрэгжүүлсэн арга механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг урамшуулахад чиглэж байгааг дурдлаа.

Төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас жилийн 1.25 хувийн хүүтэй 23 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хүрээнд Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг 11.4 сая ам.долларыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр нэмж санхүүжүүлэх юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад парламент, тэр дундаа холбогдох байнгын хороод анхаарч, ил тод байдлыг хангах нь чухал байгааг хэллээ. Ингээд төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хэлэлцүүлж соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

DSC_8089Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Тус байнгын хороо энэ асуудлыг УИХ-ын 2014 оны намрын чуулган завсарлахын өмнөхөн хэлэлцээд ажлын хэсэг гаргаж асуудлыг газар дээр нь үзэж танилцах, түүнчлэн төслийн зардлын өсөлтийн талаар аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзээд хэлэлцүүлгийг түр хойшлуулж, УИХ-ын гишүүн Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Болор байнгын хорооны хуралдаанд хийсэн танилцуулгадаа, ажлын хэсэг төслийн нэгж болон газар дээр нь очиж төслийн явц байдал, хэрэгжилттэй танилцаж холбогдох мэдээллийг авсан. Мөн дэд ажлын хэсэг гаргаж, төслийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, нэмэлт зардлын талаар аудитын дүгнэлт хийлгэхэд ноцтой зөрчил илрээгүй тул төслийн нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тухайгаа танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулж, мөн сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон баталсан. Онгоцны буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгасан агаад гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгаруулах тендерийг хоёр удаа зарлаж, ерөнхий гүйцэтгэгч байгууллагаар Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран бүтээн байгуулалтын ажлыг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан аж.Гэвч хэлэлцээрийн үр дүнгээс хамааран нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэж дэмжжээ. Тухайн үед танилцуулсан нэмэлт зээлийн дүн нь 19.6 тэрбум иен байсан бөгөөд энэ нь зөвхөн гүйцэтгэгч байгууллагад төлөх шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн дүн юм. Харин одоо дахин зөвшилцөхөөр танилцуулж байгаа нэмэлт зээлийн дүн нь 36.85 тэрбум иен юм байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2013 оны 6 дугаар сараас эхэлсэн, өнөөдрийн байдлаар 27.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа агаад төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын 65.7 хувийг энэ онд гүйцэтгэх зорилт тавьж байгаа юм байна.

Нэмэлт зээлийн төслийг зөвшилцөх асуудлыг УИХ-ын 2014 оны намрын чуулган завсарлахын өмнө Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Баярсайхан, Ц.Оюунбаатар, байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, төслийн захирал Н.Энхбат болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

DSC_8079Төслийн нэмэлт санхүүжилт нь анхныхаас ихээхэн зөрүүтэй байгаагийн учрыг тодруулсан гишүүний асуултад төслийн захирал Н.Энхбат өгсөн хариултдаа, ханшийн зөрүү, Монголын тал өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр хүлээсэн газрын үйлчилгээний төхөөрөмж болон зарим барилга байгууламжийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн, зөвлөх үйлчилгээний зардал өссөн зэрэг олон үндэслэлээс үүдэж нэмэлт санхүүжилтийн хэмжээ анхны хөрөнгө оруулалтаас зөрүүтэй байгаа. Нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдвэл энэ зардлын хэмжээндээбагтааж олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг хугацаанд нь ашиглалтад өгөх боломжтой гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн төсөвт өртгийн зардлын өсөлтийг нарийвчлан авч үзсэний үндсэн дээр зээлийн хэлэлцээрийн талаар аудитын дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Дүгнэлтэд зээлийн хэмжээг тодотгох шаардлагатай, гэхдээ нэгэнт төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө зайлшгүй шаардлагатай байгаа учраас хэлэлцээрийг цааш явуулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа хэллээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Энэ тухай байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон ажлын хэсгийн санал, дүгнэлт, аудитын байгуууллагын дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …