“Мал маллах сайхан”, “Таван эрдэнэ”, “Малчин заяа,“Хот айл, “Хатад дамжсан бүүвэй”, “Хосоор жаргалтай хорвоо” “Ямар их хайр вэ” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдын танил болсон дуучин Ч.Алтантүлхүүрийн “Таван эрдэнийн эх орон” тоглолт 2015 оны 04- р сарын 16 –нд 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаа билээ.
Дуучин Ч.Алтантүлхүүр Эрдэнэт таван хошуу мал сүрэг, малчин түмэн магтан дуулж, сэтгэлийн дэм өгч, байгалийн хатуу ширүүн, хосгүй үзэсгэлэн дунд өрнөдөг, малчин түмний амаргүй хөдөлмөр зүтгэл, нүүдэлчдийн уламжлалыг олон нийтэд сурталчилан таниулж, тэдний байгаль хамгаалах баялаг уламжлалыг иргэд, залуу малчдад сурталчлан өвлүүлж хойч үедээ Монгол бахархалыг бий болгох зорилготой “Таван эрдэнийн эх орон” төслийг санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд тус төслийн хүрээнд олон ажлыг санаачлан зохион байгуулж буй юм.
Түүний санаачлагыг дэмжиж Төрийн хошой шагналт ардын жүжигчин Н.Жанцанноров тус тоглолтын талаар телевизийн нэвтрүүлэгт ярихдаа “Таван эрдэнийн эх орон” тоглолт бол зүгээр нэг дуучны тоглолт гэдэг утгаараа биш ерөөсөө монгол хүний оюун ухаан, сэтгэл санаа, хүсэл тэмүүлэл, зохицлын талаар аялгуун илтгэл тавих байх гэж ухаарч хүмүүс очих байх гэж найдаж байна, очоосой гэж хүсч байна, очих ёстой гэж бодож байна.
Яагаад очих ёстой гэж бодож байна вэ гэхээр нүүдлийн соёлыг өнгөрсөн зуунд бол хуучирсан, өнгөрсөн, хаягдаж устаж байгаа соёл гэж үздэг байсан бол одоо ирээдүйн соёл гэж үздэг болжээ. Тэгэхээр бид ирээдүйрүү явах нь. Ирээдүйн соёлыг хүн төрлөхтөн юу гэж ухаарч байна вэ гэхээр компьютерээ хаях, бенз машинаа шатаах, тэмээгээр явах, үхэр тэргээр зорьчих гэсэн үг биш. Нүүдлийн соёлын үндсэн гайхамшиг нь юу байна вэ гэвэл орчлонт ертөнцтэй хүн гэдэг амьтан хэрхэн төгс зохицон зуун зуун жилээр оршиж болох вэ гэдгийн үлгэр учраас тэр үлгэрлүү тэмүүлж байна. Тийм учраас компьютертойгоо, машинтайгаа, онгоцтойгоо тэр нүүдлийн соёлын зохицол руу ирээдүйн хүн төрлөхтөн ирээдүйн соёл гэж бодож явж байна. Тийм учраас Ч.Алтантүлхүүр ирээдүйн тухай дуулах гэж байна хэмээн дүгнэсэн юм.
“Таван эрдэнийн эх орон” тоглолтонд Монгол улсын Морин хуурын чуулга, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжигчид, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын найрал дуучид, Сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар/ МУСГЗ, Нэвтрүүлэгч С.Цоодол / МУСГЗ, Нюаньс хамтлаг, Дуучин А.Хосбаяр, Л.Нарантуяа нар оролцох юм байна.
Тоглолтыг “Color music” студи , Дорноговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Хутагтын хурд” Морин спорт уяачдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Болд төмөр Ерөө гол” ХХК, Төрийн банкны “Малчин” хадгаламж, Ивээн тэтгэгчээр ““NET CAPITAL” Банк бус санхүүгийн байгууллага, “Дорноговь” клуб, “Сэлэнгэ пресс” ХХК, Мэдээллийн ивээн тэтгэгчээр: “MASS” TV, Малчин телевиз, бүх телевиз, FM, сайтууд ажиллаж, тасалбарыг 1900-1950- аар захиалга аван үнэгүй хүргэж байна.