Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганы хүрээнд Зүүн Хойд Азийн Залуучуудын симпиозиумыг тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ. МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат 2014 оны 12-р сард Албани Улсын Тирана хотноо хуралдсан Дэлхийн Залуучуудын Ассемблейн 16-р чуулганы үеэр 2014-2018 оны хугацаанд Азийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллахаар болсон билээ.Иймд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нь Зүүн Хойд Азийн залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах нь зүйтэй гэж үзсэн тул уг уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг гаргасан юм. Түүнчлэн 2014 оны 6-р сард Улаанбаатарт зохиогдсон Зүүн Хойд Азийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачилгыг дэвшүүлсэн юм. Энэхүү санаачлагын гол утга санаа нь Монгол Улс гадаад бодлогын хувьд идэвхтэй байр суурь баримталж, бүс нутгийнхаа аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатар хотноо бусад орнуудтай хэлэлцэх нь зүйн хэрэг гэж үзэж байгаа юм.Иймд МЗХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачлагыг хэрэгжүүлэх ажлыг залуучуудаас эхлэх ёстой гэсэн байр суурьт хүрч “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум”-ыг “Нэг Ази 2015” чуулганы хүрээнд зохион байгуулах гэж байна. Уг симпиозиумын хүрээнд Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүрээнд тогтвортой хөгжлийг хангахад улс орнуудын залуучуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Залуучуудад боловсролын эзэмших боломжуудыг нэмэгдүүлэх, залуучуудын санхүүгийн бие даасан байдлыг дэмжих, Бүс нутгийн залуучуудад тулгамдаж буй саад бэрхшээлүүд, асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх санаачлагуудыг гарган тавих, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, залуучуудын эрх, улс төрийн болон эдийн засгийн тогвортой байдал зэрэг асуудлуудыг хөндөнө. Ингэсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санааг Зүүн Хойд Азийн залуучуудад ойлгуулан таниулах, Зүүн Хойд Азийн орнуудын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдалд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, “Зүүн Хойд Азийн Залуучуудын хамтын ажиллагааны уулзалт”-ын тунхаг гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Уулзалтад Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орнуудын төлөөлөгч нар оролцоно.