Монголын Залуучуудын Холбоо нь дөрөвдүгээр сарыг “Бүтээх” сар болгон зарласантай холбогдуулан Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэйтэй цөөн хором ярилцлаа.
Монголын Залуучуудын Холбоо 4 дүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарлажээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөв?
Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг тодорхой зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сар гэхэд “Спортлог сар” байсан бол энэ сарыг “Бүтээх” сар болгон зарлалаа. “Бүтээх” сарын зорилго нь Залуучуудыг эх орны бүтээн байгуулалтад оролцоход уриалах, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж буй залуучуудыг дэмжих, олон нийтэд таниулах, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аян, уриалгыг улс орон даяар өрнүүлэх юм. Энэ ч утгаараа залуучуудыг бүтээн байгуулалтын салбарт ажиллах, оролцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд уриалсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал “Бүтээн байгуулалт -2015” хөдөлмөрийн яармаг, “Бүтээлч залуу” гэрэл зургийн уралдаан, Бүтээлч, шилдэг залуусыг алдаршуулах, шилдэг залуусын замын зураг болох “Залуу үе” , Ирээдүйн бүтээлч залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, өсвөр үеийн хөгжлийг инженерчилэх “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг олны хүртээл болгох, Бүтээн байгуулагч залуус-2 спортын тэмцээн зохион байгуулах, бүтээн байгуулалттай танилцах аялал, “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулна.
Бүтээн байгуулалтын салбарт залуучууд ажиллах сонирхол хэр байна вэ?
Монголын залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржээс бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүчийг дотоодоосоо хангах, Монгол залуучуудаа ажилтай орлоготой болгох зорилгоор өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Ажлын гараа төсөл”, “Бүтээн байгуулалт – 2014” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. 2013 онд бид 650 орчим залууг 10 гаруй бригад, 2014 онд 1200 орчим залуучуудыг 20 гаруй бригад болгон бүтээн байгуулалтын салбар буюу уул уурхай, авто болон төмөр зам, барилга, үйлдвэрлэлийн салбаруудад ажиллуулсан. Энэ жил “Бүтээн байгуулалт – 2015” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. Мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон, мэргэжилгүй гээд л ажилгүй, ажил олдохгүй байгаа бүхий л залуучуудад бүтээн байгуулалтын салбарт ажиллах боломж бий. Ажилгүй гэртээ суухаар ЗХТБ-д бүртгүүлээд бүтээн байгуулалтын салбарт ажилла гэж залуучуудад хэлмээр байна. Монгол Улсын хувьд бүтээн байгуулалтын салбарт ялангуяа зам барилгын ажилд гадны тухайлбал Хятад ажилчдыг ихээр ажиллуулдаг. Гэтэл ард нь ажилгүй, ажиллах сонирхолтой олон мянган Монгол залуучууд гэртээ хэвтэж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын салбарт гаднаас ажиллах хүч авалгүй зөвхөн Монгол залуучуудаа ажиллуулья гэдэг шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа гэж сонслоо. Энэ ямар учиртай юм бол? Энэ талаар дэлгэрүүлээч? Монголын Залуучуудын Холбооны V их хурал 12 жил завсарласны дараа энэ гуравдугаар сарын 28-нд боллоо. Энэ хурлаар залуучуудын өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэлэлцсэн. Тэдгээрийн дунд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нилээн ач холбогдолтой нэгэн шийдвэр, тогтоол гарсан юм. Энэ тогтоол нь ямар агуулгатай вэ гэхээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бүх бүтээн байгуулалтын ажлуудад ажиллах хүсэлтэй Монгол залуучуудыг нэн тэргүүнд бэлтгэн ажиллуулах нь зүйтэй гэсэн шаардлагыг Монгол Улсын Засгийн Газарт хүргүүлэхээр болсон. Тэгэхээр цаашдаа Монгол улсын засгийн газар, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд Монгол залуучуудаа дэмжээд, сургаж бэлтгээд ажиллуулна гэдэгт итгэж байна.
Ер нь энэ бүтээн байгуулалтын салбарт ажиллах боловсон хүчний тоо манай улсад хангалттай хэрэг үү? Энэ тал дээр судалгаа хийж үзсэн үү?
Барилгын салбарт л гэхэд 60 орчим мянган залуучууд ажилладаг гэсэн албан бус тоо байдаг. Бид 2013, 2014 онуудад ажилгүй залуучуудаас Бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудын судалгааг хийхэд энэ салбарт ажиллах хүсэлтэй 16 мянга гаруй ажилгүй залуучууд байсан. Түүний нэлээдгүй хувийг мэргэжилгүй ч гэсэн шаардлагатай мэргэжил, ур чадварыг эзэмшээд энэ салбарт ажиллах хүсэлтэй залуучууд эзэлж байсан. Тэгэхээр бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүч одоогийн байдлаар бидэнд хангалттай байна. Гэхдээ эдгээр ажиллах хүчийг мэргэжил ур чадварын хувьд шаардлага хангахгүй гэх асуудал гарч ирдэг. Харин эдгээр залуучуудад шаардлагатай мэргэжлийг эзэмшүүлээд, чадваржуулаад ажлын байраар хангах нь улс орны хөгжилд нэмэр болохуйц нэг томоохон шийдэл болж чадах юм.
Ярилцсан Ч.Гантуяа