Захиргааны ерөнхий хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

600x600УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 250 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 11, Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулсаар 9 жил өнгөрчээ.

Гэвч өнөөдрийг хүртэл төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хуулийг батлан гаргаагүй байна. Иймээс дээрх асуудлыг зохицуулах үүднээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулан батлуулах зайлшгүй шаардлагыг үндэслэн энэ хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-д танилцууллаа.

Хуулийн төсөлд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгажээ. Ингэснээр төр, иргэний хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Мөн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах чиглэлээр гаргаж буй захиргааны шийдвэр нь захиргааны акт, гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн гурван төрөлтэй байхаар тусгажээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглогдсон этгээд нь захиргааны байгууллагыг төлөөлж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцохгүй байхаар зохицуулсан байна.

Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг үүсгэж захиргааны шийдвэр гаргахтай холбоотой бүхий л ажиллагааг захиргааны байгууллага бүрдүүлж, хадгалах,захиргааны байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахдаа хуулиар зөвшөөрөгдсөн хувилбаруудаас аль нэгийг ашиглах боломжтой байх зэрэг шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ захиргааны гэрээний талаарх эрх зүйн зохицуулалтыг анх удаа хуульчилж өгөх гэж буйгаараа онцлог гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …