Батлах хамгаалахын их сургууль өдгөө 2800 гаруй суралцагчтай улсын томоохон их сургуулийн нэг.
1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1999 оноос Батлан хамгаалахын их сургууль болон өргөжин зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
2800 гаруй суралцагчдын 300 гаруй нь цэргийн мэргэжлийн суралцагчид бол 2400 гаруй нь иргэний мэргэжлийн буюу офицер, ахлагчийн сургуулийн суралцагч байна.
Гэвч Монгол Улсын Батлан хамгаалах салбарт ажиллах боловсон хүчинг бэлтгэх тус их сургуулийг төгсөгчид төгсөж гараад олддог ажил нь “хамгаалагч” болж байна.
Учир нь БХИС-ийг төгсөгчид сургуулиа төгсөөд орон нутагт болон цэргийн байгууллагад офицер болж томилогдох ёстой. Гэтэл офецорын орон тоо дүүрсэн учраас одоо төгсөж байгаа оюутнуудын маш цөөхөн хувь нь буюу танил талтай, азтай нэг нь томилолт өвөртөлж, ажилтай золгодог болжээ.
Артиллерийн команд, Радио техникийн команд, Зенитийн артиллерийн команд, Сапёрчин зэрэг цэргийн мэргэжил нь нийгэмд ямар ч хэрэгцээгүй учраас сайндаа л банк, баар рестораны хамгаалагч болж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Харин цэрэг, батлан хамгаалахын салбарт дутагдалтай хэсэг нь цэргийн эмч, мэдээллийн аюулгүй байдал гэсэн 2 том салбар байсаар атал өөрийн төгсөгчдөөс биш ихэвчлэн АШУҮИС болон ШУТИС-ийн төгсөгчдөөс нөхдөг болжээ.
Гэвч төгсөгчдөө бүрэн дүүрэн ажлын байраар хангаж чадахгүйгээ мэдсээр байж, хэрэгцээгүй мэргэжлээр жилд 300 гаруй хүүхдийг элсүүлэн сургаж байгаа нь “хүүхдийн ирээдүйгээр тоглосон” ёс суртахуунгүй үйлдэл болоод байна.
Бүхэл бүтэн улсын батлан хамгаалах салбарын боловсон хүчинг бэлтгэн гаргадаг энэ сургуулийн сургалтын бодлогын асуудалд салбарын яам анхаарлаа хандуулах цаг болжээ.
Г.Эрдэм