Хууль зүйн дэд сайд Ц. Уугангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Катарын нийслэл Доха хотноо 2015 оны 4 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх НҮБ-ын 13-дугаар их хуралд оролцож байна.
Тус их хуралд нийт 70 гаруй орны төрийн сайд, дэд сайд нар оролцож, Олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжихэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого стратегийг хэрэгжүүлэх, Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн эсрэг авах хариу арга хэмжээг өргөжүүлэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх ажээ.
Хурлын эхний өдрүүдэд болж буй өндөр дээд хэмжээний хуралд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл оролцон хэлсэн үгэндээ Монгол улсад хийгдэж буй эрүүгийн болон цагдаагийн байгууллагын шинэчлэлийн талаар танилцуулж, мөн Монгол Улсад тулгараад байгаа шинэ төрлийн гэмт хэргүүд тухайлбал хүн худалдаалах гэмт хэрэг, хар тамхи, хориотой соёлын өвийг хилээр зөөвөрлөх гэмт хэрэгтэй тэмцэхэд Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нэн шаардлагатай байгааг онцлон хэллээ.