ХХАА-н дэд сайд Б.Батзориг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй албаны хүмүүс Булган аймагт ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж зөвлөлдлөө. Тус аймаг газар тариалан эрхлэлтээрээ улсын хэмжээнд эхний гуравт ордог. Сэлэнгэ, Эг, Орхон зэрэг томоохон голуудын ай сав бүхий газруудын хөрс цаг уурын тохиромжтой байгалийн бүс нутагт оршдог учраас хүрэн хөрс зонхилсон 119,0 мянга гаруй тариалан бүхий талбайтай, усалгаатай тариаланг хөгжүүлэх өргөн боломжтой газар тариаланг хөгжүүлэх олон давуу талтай тариалангийн бүс нутаг юм. Сүүлийн 5 жилийн дунджаар жилд үр тариа 29705 га-д тариалан, 43075 тн ургац, төмс 816 га-д тариалан 8452,5 тонныг хүнсний ногоо 327 га-д тариалан 3621 тонн ургац хураан авсан нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт аж. Энэ оны эхний улирлын байдлаар тус аймгийн хэмжээнд 74 аж ахуй нэгж, 5000 гаруй өрх, 82,4 мянган га талбай эзэмшиж жилдээ 33,0 орчим манган га-д тариалж 30,0 гаруй га талбайд уринш бэлтгэн, талбайн ашиглалт 80 хувьтай байгаа тухай орон нутгийн удирдлагууд зөвлөгөөний үеэр дэд сайддаа дуулгалаа.
Хэдхэн хоногийн дараа тариалалт эхлэх гэж буй энэ үед тус аймгийн газар тариаланчдын гол тулгамдаж буй асуудал нь бүс нутагтаа тохирсон сайн сортын үрийн буудайн нийлүүлэлт, түүнийг авах хөрөнгө мөнгөний асуудал гэнэ. Өнгөрсөн намар улаанбуудайгаа гурилын компаниудад урьдчилгаа авалгүйгээр нийлүүлсэн бөгөөд одоо тэд 2 тэрбум гаруй төгрөгийг компаниудаас авах авлагатай байгаа тухайгаа ярьж, “Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичигт буудайн үнэ, борлуулалт, чанарын асуудлыг ойлгомжтой тусгаж өгөхийг хүслээ.
Мөн Булганчууд өөрийн бүс нутгийнхаа онцлогт нийцүүлэн “Газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр” боловсруулж 2015-2025 оныг хүртэлх урт хугацааны бодлогоо тодорхойлон гаргаснаа танилцууллаа. Дэд сайд Б.Батзориг тариаланчдад хандан “Монгол Улсын хөгжлийг түүчээлэх тэргүүлэх салбаруудын нэг бол газар тариалан билээ. Газар тариалангийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг Булганчууд маань салбараа хөгжүүлэхийн тулд санаачилга гарган урт хугацааны хөтөлбөр боловсруулсан нь сайн байна. “Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичигт санал хүсэлтийг нь тусгана” гэлээ . Мөн тариаланчдыг дэмжих зорилгоор салбарын яамнаас үзүүлдэг уламжлалт дэмжлэг туслалцаанууд үргэлжлэх бөгөөд шатахууныг 50 хувь, бордоо ургамал хамгааллын бодис 30 хувь, үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар тариаланчдад өгч эхэлж буйг энэ үеэр онцолж хаврын тариалалтад нь амжилт хүслээ.