Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг хамтран хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилготойгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнийг дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа нээж, Замын Цагдаагийн тасгийн дарга Ц.Мягмарсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, дүүргийн Улаанзагалмайн хороо оролцогч бяцхан хүүхдүүдэд амжилт хүсч баяр хүргэлээ.
Тэмцээнд дүүргийн нийт 15 цэцэрлэгийн 200 гаруй багачууд гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа (асуулт, хариулт) буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд 75-р цэцэрлэг, дэд байранд 25-р цэцэрлэг, удаах байранд 69-р цэцэрлэг орж цом, өргөмжлөл, медаль, хүүхэд бүр гарын бэлгээр шагнууллаа.
2 үе шаттай зохион байгуулагддаг тус тэмцээний эхний шалгаруулалтад тэргүүлсэн 75-р цэцэрлэг энэ сарын 24-нд болох Нийслэлийн шигшээ тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцохоор боллоо.