Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, тохижуулах ажилд хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын санаачлан зохион байгуулсан “Хөгжлийн төлөө түншлэл” уулзалтад оролцсон байгууллагуудыг ”Их тойруугийн гудамжны тохижуулах төсөл “ болон нийслэлийн бусад гудамж талбайг тохижуулах ажилд хамтран оролцож хөрөнгө оруулалтын туслалцаа үзүүлэх санал тавьсан юм. Саналын дагуу “Блюмон” ХХК, ”МСS” ХХК, “Жи Мобайл” ХХК, “Таванбогд” групп, “Алтан тариа” ХХК, “Идэр” дээд сургууль зэрэг, хувийн хэвшлийн, Нийслэлийн төр захиргааны байгууллагаас Нийслэлийн ЗДТГ-ын хуулийн хэлтэс,Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан Нийслэлийн тохижилтыг сайжруулах зорилготой хамтран ажиллах гэрээний төслийг боловсрууллаа. Дээрх ажлын хүрээнд нийслэлийн гудамж талбайд өөрийн хөрөнгөөр тохижилт хийх 40 байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалтыг нийт 8 удаа зохион байгуулжээ. Уулзалтын үр дүнд эхний ээлжинд 15 байгууллага байршлаа тохирч гэрээ хийж ажлаа эхлүүлэхээр боллоо. Бусад байгууллагуудын хийх ажлын байршил, хэмжээг тогтоох ажлыг 7 сарын эхний 10 хоногт багтаахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.