Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/130 тоот захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, нийт 676,670 м2 талбайн 668 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дүүргийн Тамгын газрын хэлтэс албад, харьяа хэлтэсүүд, 28 хорооны ажилтан, албан хаагчид, цэргийн анги нэгтгэлүүд, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, цэцэрлэгүүд ойр орчим дахь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэв.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, худалдаа, үйлчилгээний цэг салбарууд орчныхоо 50 метр газар болон үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж, гэрлийн шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг хусч цэвэрлэсэн юм.
Түүнчлэн энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд зөвхөн хог тээвэрлэлт хийх бус өөрсдийн хариуцсан бүсийг хоггүй, цэвэр байлгахад гол үүрэг гүйцэтгэж, үүсмэл болон хур хогийн цэгүүдийг цэвэрлэн, ариутгалын ажлыг хийлээ. Мөн Амгалан 461 дүгээр хорих ангийн 40 хүмүүжигч Улиастайн гол дагуу, Төрийн банкны төвийн салбарын 15 ажилтан сайн дураараа Сэлбэ гол дагуу хог хаягдлыг цэвэрлэлээ.