Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Налайх, Сүхбаатар дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,
“Улаанбаатар форум 2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон НЗДТГ зохион байгуулан оролцсон бөгөөд чуулганд төр болон хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөл оролцож Улаанбаатар хотын хөгжлийн төлөө түншлэлийн тунхагийг баталсан байна.
Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбооны дарга, ерөнхийлөгч нартай уулзалт зохион байгуулан төгсөлтийн арга хэмжээг оюутан, сурагчдын дунд “Эрдмийн баяр” болгон зохион байгуулах талаар саналыг авч, хамтарсан удирдамж гаргасан байна.
2015 оны 04 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 30 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48,6 км үерийн далан сувгийн цэвэрлэгээг 15 байгууллага, 523 хүн, 20 техник хэрэгсэлтэй нийт 69,5 тн хог хаягдлыг цэвэрлэж үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэн ажилласан.
НЗД-ын А/173 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалт, ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдалд шалгалт хийж, зөрчлийг арилгуулж ажиллажээ.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/40 дугаар тушаалын дагуу 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн оролцсон байдал болон тоон мэдээллийг танилцууллаа. Цэвэрлэгээнд 9111 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага оролцжээ. Үүнээс төрийн 513 байгууллагын 6564 албан хаагчид, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7442 байгууллагын 16422 иргэн, 108 ерөнхий боловсролын сургуулийн 6337 багш, ажилчид, 68 их, дээд сургуулийн 4250 оюутан, багш, 163 цэцэрлэгийн 2351 багш, ажилчид, 602 СӨХ-ийн 7088 иргэд, ажилчид, бусад 3484 байгууллагаас нийт 43000 иргэн цэвэрлэгээнд оролцжээ. Цэвэрлэгээгээр 3 сая 407 мянган м2 талбайг цэвэрлэн, 590 удаагийн рейс хийж 2511 тонн хог хаягдлыг ачуулжээ. Мөн энэ үеэр 3000 оюутан Чингисийн талбайг угаасан бол Улаанбаатар нэгтгэлийн ажилчид бусад оюутнуудтай хамтран автобусны буудлууд, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн хайс хашлагуудыг угааж цэвэрлэжээ.