1990 оноос өмнө энэ өдөр бүх нийтийн субботникийн улирал эхэлж зуны эхэн сар хүртэл хаврын шуургатай хамт хог шороо цэвэрлэн, хотын гудамжаа тохижуулах, зам талбай тавих, мод, зүлэг ногоо, бут сөөг, цэцэг, тарьж, ургуулах гээд олон ажилд хотын оршин суугч хүн бүр гар бие оролцож, эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг байлаа. Өнөөдөр энэ тухай мэддэг хүн цөөрч, мэддэггүй нь олон болжээ. Харин муулан шүүмжлэх нь олонтаа тохиолдож байх юм. Яагаад субботник хийдэг болсон юм бэ? Анхны коммунист субботник 1919 оны хавар Оросын иргэний дайны үед В.И.Лениний төмөр замын ажлыг сайжруулах уриалгын дагуу Москва-Казаний төмөр замын депогийн намын анхан шатны байгууллага санаачлан өрнүүлжээ. 1919 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө тус депогийн 15 коммунист сайн дураараа 10 гаруй цаг ажиллаж 3 уурын тэрэгний зүтгүүр засварласан нь энэ хөдөлгөөний эхлэл болсон байна. Үүний дараа 5 сарын 10-нд Александрын, Николаевын, Рязань-Уралын, Москва-Виндовын, Курскийн төмөр замыг хамарсан өргөн хэмжээний субботникт 205 хүн оролцжээ. Энэ хөдөлгөөнийг В.И.Ленин “Их санаачлага” гэж нэрлэсэн түүхтэй. Коммунист субботник нь нийгмийн сайн сайхны төлөө гишүүд нь сайн дураараа, цалин хөлсгүй ажиллаж, хувь нэмрээ оруулах хэлбэр бөгөөд агуулга, мөн чанарын хувьд хожим өрнөсөн социалист уралдааны эх үүсвэр байсан гэж үздэг. Манай улс социализмын замналаар явсан орны хувьд бүх нийтийн субботникийг өргөнөөр зохион байгуулж байсан. Халхын голын дайн болон Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ч, улс орныхоо бүтээн байгууллалтын энх цагийн ариун үйлсэд ч бүх нийтийн субботникаар асар их зүйлийг хийж, бүтээж ирснийг өнөөдөр хэн ч үгүйсгэхгүй байх. Наад зах нь, бидний мэдэх Сүхбаатарын /одоо Чингисийн гэж нэрлэх болсон/ талбайг бүх нийтийн субботникаар тохижуулж байгаа гэрэл зураг, тэр үеийн баримтат киног манай иргэд андахгүй мэднэ.
Тэнд төр, засгийн удирдагчид болон өндөр албан тушаалтнууд ард иргэдийнхээ дунд ажлын хувцас, багажтай явж байгаа нь харагддаг билээ.. Субботникууд дотроос 4 дүгээр сарын 22-ных бол онцгой ач холбогдолтой нь байв. В.И.Лениний төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг энэ субботник нь тухайн үеийн хамгийн бүтээлч ажлын өдөр байсан юм. Энэ өдөр материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүс ажлын байрандаа, материаллаг бус салбарт ажиллагчид нь үйлдвэр, аж ахуйн нэгжид очиж нэг өдрийн цалинтайгаа тэнцэх хөлс бүхий бүтээлч ажил хийдэг байв. Тийм болохоор яам, тусгай газруудын хувьд ажлын фронт олох гэдэг том асуудал байлаа.
Мөн энэ өдөр төлөвлөгөө, нормоо заавал биелүүлэх ёстой бөгөөд субботникийн ажлын хөлсийг “Хүүхдийн төлөө сан” зэрэг хамгийн чухал хэрэгцээт зүйлд зарцуулахаар хуваарилдаг байв. Энэ өдөр яам, тусгай газрын залуу ажилтнуудад анхан шатны нэгжид очиж, үйлдвэрлэлийн техник, технологи, процесстой танилцах боломж олдохын зэрэгцээ оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг нэг өдөр ч гэсэн бичиг цааснаас хөндийрүүлж, биеийн хүчний ажил хийлгэх зэрэг олон талын давхар ач холбогдолтой байлаа. Өнөөдөр дэлхий нийтээр сайн дурын, шан хөлсгүй ажиллах янз бүрийн хэлбэрийг дэмжиж уриалж байна. Гэхдээ коммунист субботник шиг бүх нийтийг хамруулсан, өргөн хүрээтэй, өндөр ач холбогдолтой өрнөж чадаж байгаа эсэхийг хэлэхэд хэцүү юм. Ямар ч байсан Коммунист субботник тухайн үеийнхний хийх ёстой ажил, хэрэгцээт зүйл нь байсныг түүх гэрчилнэ. Манай улсад сүүлийн үед сайн дурын, эв санааны нэгдлийн үйл ажиллагааг оюутан залуус хүртэл санаачилж хийж байгаа нь сайшаалтай юм.
эх сурвалж: zone.mn