Долоо хоног бүр болдог “Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд суурь хуулиуд болох Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг эцэслэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Мөн хуулийн төсөл боловсруулах арга ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна гэж Хууль зүйн сайд хэллээ.
Эрх зүйн шинэчлэлийн суурь хуулиудыг дагаад эдгээр хуулиудыг хэрэглэдэг байгууллагуудын хуулинд өөрчлөлт орж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай хуулиуд шинэчлэгдэнэ.
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хохирлын сангийн тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай, Мөрдөх албаны тухай, Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.