Ахмад уурхайчид мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрыг шаардлаа

11121906_10205652697850682_495639142_nНалайхын их уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчин /МШӨ/-ний улмаас групп тогтоолгосон хүн 2001 онд 726 байсан бол одоогийн байдлаар 550 гаруй байгаа аж. Эдгээр хүмүүс газрын гүнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 15-25 жил ажиллаад МШӨ-ний улмаас групптэй болсон ч өндөр насны тэтгэврийг 45 хувиар тогтоодог нь хууль бус байна гэдгийг холбогдох газар нь мэдэгдэж хөөцөлдсөн ч үр дүнгүй өнөөдрийг хүрчээ. “Эрдэнэт хүн холбоо” ТББ-ын тэргүүн А.Ганболд “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлд заасны дагуу уурхайчдад нөхөн олговор өгөх ёстой. Тиймээс ч Засгийн газар нөхөн олговорт 2001 онд 350000 төгрөг, 2007 онд 145000 төгрөг, 2011 онд 281000 төгрөг гээд гурван удаа олгосон. Гэхдээ энэ маш бага юм. Одоогийн байдлаар МШӨ-ний улмаас 60 хувиар групп тогтоолгосон нэг уурхайчин 1728000 төгрөгийн нөхөн олговор авах ёстой. Үүнд Засгийн газар 1,5 тэрбум төгрөг  зарцуулах тооцоо гарч байгаа юм” гэлээ.

 БНМАУ-ын \хуучин нэрээр\ Хөдөлмөрийн баатар Т.Окобал “Налайхын их уурхайгаас 9 Хөдөлмөрийн баатар, 20-иод гавьяат уурхайчин, 10 гаруй төрийн шагналтан төрсөн. Би тэдний нэг нь. Би 25 жил газрын гүнд хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тухайн үед сарын 1200000 төгрөгийн цалин авч байсан ч тэтгэвэр маань 410000 төгрөгөөр тогтсон. Өөр орлогогүй амьдрал хүнд л байна” гэж байв. МШӨ-ний нөхөн олговорт  уурхайчдаас гадна шилний үйлдвэр, шохойн заводад ажиллаж байсан одоо “харьяалалгүй” хэмээх тодотголтой ахмадууд ч хамаардаг байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан Налайхын уурхайн 100 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Ингэснээр НИТХ-аас 2014 оны 8 дугаар сард Налайхын уурхайн 100 жилийн ойг тэмдэглэх тухай шийдвэр гарсан байдаг. Гэтэл 100 жилийн түүхийг үдэж Монгол Улсын нийслэлийг өдгөө хүртэл илч дулаанаар хангаж буй Налайхын уурхайн түүхт ойг тэмдэглэх асуудалд дүүргийн удирдлагууд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаад  ахмад уурхайчид шүүмжлэлтэй хандаж буй юм.

Энэ сарын 23-нд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, ХАХНХ-ын дэд сайд Б.Мөнхбаатар болон дүүргийн ИТХ-ын дарга, “Эрдэнэт хүн” холбооны тэргүүн н.Ганболд нарын  ахмад   уурхайчидтай хийсэн уулзалтын үеэр ч энэ тухай яриа шүүмжлэл мөн өрнөж байлаа. Уг уулзалтаар Налайхын уурхайн 100 жилийн ойн тухай болон уурхайчдын мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрын талаарх хүндрэл, группээ сунгуулахад гардаг бэрхшээлийг уурхайчид дэлгэрэнгүй ярьж байв.

Уулзалтын үеэр С.Амарсайхан “Миний ээж ч та нарын нэгэн адил  бэрхшээлтэй учраас та бүхний зовлонг би сайн ойлгож байна. Өнөөдөр 300,0 мянган төгрөгийн тэтгэвэр та бүхний амьдралд хүрэлцэхгүй, зарим нь гайгүйхэн ажил албатай хүүхдүүдийнхээ дэмээр амьжиргаагаа залгуулж байгаа. Дүүргийн ИТХ-ын дарга, “Эрдэнэт хүн” холбоо ТББ-ын тэргүүн А.Ганболд уурхайчдын мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас залуугаараа группт орсон ч энэ тэтгэмжийн мөнгөөрөө амьдралаа залгуулахад хэцүү, түүнчлэн группээс мөнгө нь бага тогтоогддог учраас тэтгэвэр рүү шилжүүлж чадахгүй байгаа та нарынхаа төлөө уйгагүй зүтгэж байгаа энэ ажлыг миний хувьд дэмждэг. Уурхайчдын группийг тэтгэвэр рүү шилжүүлж, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай ч шийдвэрлэхэд тулгуур болох газар нь ХАХНХЯ учир дэд сайд Б.Мөнхбаатарын хамт ирж байна. Та бүхний хуулиар олгогдсон эрхийн дагуу МШӨ-ний нөхөн олговрыг олгуулахын тулд ХАХНХ-ын дэд сайдын хамт холбогдох яамдаар шаргуу хөөцөлдөж ажиллана” гэдгийг онцолсон юм.

ХАХНХ-ын дэд сайд Б.Мөнхбаатар “Уурхайчдын МШӨ-ний нөхөн олговрыг олгох талаар хуулийн заалт нь байна. Харин төсөвт үүнд шаардлагатай мөнгийг суулгуулах шийдвэрийг гаргуулах хэрэгтэй. Тиймээс та бүхэн салбарын яам болон Хөдөлмөрийн яам, Сангийн яам руу хандах хэрэгтэй. Бид ч дэмжиж хамтран ажиллана” гэлээ.

Энд уурхайчид төдийгүй шилний үйлдвэр, уул уурхайн аврах албанаас группт гарсан ахмадууд ирсэн байв. Тэд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас Налайхын уурхайн 100 жилийн ойг тэмдэглэхэд гар бие оролцохыг түүнчлэн ахмад уурхайчдынмэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрыг олгуулах ажлыг хөөцөлдөж ажил хэрэг болгож өгөхийг аминчлан хүсч байсан юм.

Уулзалтын дараа ХАХНХ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нар дүүргийн Халамжийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцахын сацуу ажилтнуудтай ахуй амьдралынх нь талаар ярилцаж зөвөлгөө өглөө. Түүнчлэн тус байгууллагаар үйлчлүүлж буй иргэдтэй ч уулзаж санал бодлыг нь сонсч байв.

11158078_10205652696650652_67531835_n 11169026_10205652698530699_1236279850_n 11173617_10205652700770755_1141037002_n 11180034_10205652695890633_749212924_n 11180135_10205652700810756_1003677237_n

Т.Эрдэнэ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …