Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархсан түймрийн улмаас нутгийн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуй нь шатаж ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх түймэрт өртөн орон гэрээ алдаж, 3000 гаруй мал хорогдсон гэсэн харамсалтай мэдээ байна. Иймд орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад буй ард иргэд, залуу малчдад туслах үйлсэд олон нийтийг уриалж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах“Далайд дусал нэмэр” хандивын аяныг Монголын Залуучуудын Холбоо, Итгэлийн Алтантүлхүүр сантай хамтран зохион байгуулж байна.
Монголын Залуучуудын Холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хариу нэхээгүй тус” аяныг жил бүр зохион байгуулж, амьдралын баталгаажих түвшин доогуур айл өрхийн хүүхэд багачуудад туслахын зэрэгцээ “Дусал цус амьдрал бэлэглэнэ”, “Хайраар дүүрэн хайрцаг” зэрэг нийгэм рүү чиглэсэн аяныг амжилттай хэрэгжүүлж байсан билээ. Энэ удаад “Таван Эрдэнийн Эх Орон” төслийн хүрээд Итгэлийн Алтантүлхүүр сантай хамтран залуу малчиддаа чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаагийн нэг нь энэхүү хандивын аян юм.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад буй Зүүн гурван аймгийн малчдад туслах энэхүү аян нь 2015.04.22-25 өдрүүдэд Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрдөг Чингисийн талбай, Ялалтын талбай, Нарантуул ОУХТ, Улсын их дэлгүүр зэрэг томоохон үзвэр, үйлчилгээ, олон нийтийн талбайд үргэлжлэх бөгөөд тус аяны хүрээнд дуучин Ч.Алтантүлхүүр олон нийтэд уран бүтээлээ хүргэж, хандив цуглуулах юм. Хандив нь бэлэн мөнгө болон эд материал /цахилгаан бараа, хувцас, гэрийн тавилга, гэр г.м/ зэрэг хүний хэрэгцээт бүхий л зүйл байж болох ба хандиваар цугларсан бэлэн мөнгө, эд материалыг 2015.04.27-ны өдөр Онцгой Байдлын Ерөнхий Газарт хүлээлгэн өгөх юм. Энэ удаагийн хандив нь зөвхөн түймрийн аюулд өртсөн аймгийн малчдад л зориулагдах болно.
“Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу “ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Тиймээс та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.