Хүний биеийг гаднаас нь бүрхэн хучиж байдаг маш нарийн бүтэц бүхий хамгаалах, дулаан зохицуулах, шүүрэл ялгаруулах, дархлалын ба бодисын солилцоонд оролцох зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг хүний биеийн нэгэн чухал эрхтэн бол арьс юм.
• Эхний өдрүүдэд нярайн арьс хэт нимгэн тул судасууд дэндүү өнгөц харагдаж байгаатай холбоотой арьс нь улаан өнгөтэй бөгөөд их хуурай болдог. Харин арьс салст шаргал өнгөтэй болж хувирах нь физиологийн шарлалт гэж нэрэлдэг бөгөөд энэ нь ургийн үед үр хөврөлийн гемоглобин нь хэвийн гемоглобин болж хувирдагтай холбоотой 7-10 хоногийн дараа шарлалт нь арилж арьс цайдаг. Иймээс шарлалтын үеийг амжилттай даван туулахын тулд хүүхдээ өдөр бүр усанд оруулж ихээр задарсан улаан эс гемоглобины үр дүнд үүссэн хорт бодисууд нярайн тархийг гэмтээхээс сэргийлэн хордлого тайлах хамгийн зөв арга бол маш сайн хөхүүлэх, идэвхитэй байх арга гэдгийг бүү мартаарай. Харин арьсны шарлалт багасахгүй удвал эмчид яаралтай хандаарай.
Хүүхдийн арьсыг гэмтээхгүй байхын тулд маш болгоомжтой харьцах хэрэгтэй.
Хүүхдийн арьсыг арчилж байгаа хүмүүс гарын хумсаа авч, гараа сайтар угаасан байхаас гадна, гарын арьс зөөлөн дулаахан байх хэрэгтэй. Зөвхөн гараас гадна хамар амны хөндийг содийн болон давсны уусмалаар зайлж байвал сайн. Хүний хамар амны хөндий нян ихтэй байдаг. Хүүхэд асарч байгаа хүн өөрөө цэвэрхэн байх төдийгүй угааж индүүдсэн цэвэрхэн хувцас өмссөн байна. Хүний хувцсанд бохир зүйл их байдаг учир хүүхдийн арьс бохирдож улмаар өвчлөх шалтгаан болдог.
Хүүхдийн арьс эмзэгхэн байдаг учир ялимгүй хүрэхэд зулгарах, шээс өтгөн зэргээс нуралт үүсэх нь элбэг. Халуувтар усаар угаах, их савандах, янз бүрийн бэгнүүр, илэлт, эмийн бодистой тос түрхэхэд цочрон нуралт үүсч болно. Хүүхдийн арчилгаа муу, хоол тэжээлийн дутагдал зэргээс хамаарч арьсны уян хатан чанар алдагдаж хүүхдийн арьс өвчлөхөд хүрнэ.
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа арьс нь тосон бүрхүүлээр хучигдсан байдаг. Энэ нь төрсний дараа аажмаар алга болдог ба хамрын нугалаа, нүдний булан зэрэгт цагаан батга гараад эхний долоо хоногт алга болдог учир түүнийг арилгах гэж оролдох хэрэггүй.
Хүүхдийн нүүрийг буцалгасан бүлээн усаар угааж, хоёр нүдийг хоёр хөвөнгөөр гаднаас нь дотогш чиглэлд зөөлөн арчиж өгнө. Хүүхдийн арьс нуралт үүсч халдвар амархан ордог учир өдөр бүр буцалгасан бүлээн усаар угааж, угаах үедээ үе нугалаа бүрийг үзэж угааж өгнө. Угаасны дараа цэвэр зөөлөн даавуугаар дарж арчаад чихний ар, хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг нимгэн арьстай хэсэгт зориулалтын тосыг заавал түрхэх болон цацлагын аль нэгийг хэрэглэнэ.
Хүүхдийн хувцас өлгийний даавууг барааны саван угаалгын нунтагаар угааж болохгүй. Хүүхдийг шээж баасны дараа бөгсийг нь угааж өгнө. Охин хүүхдийн бөгсийг урд талаас нь арагш нь чиглүүлж угаана. Хүүхдийн хумс маш хурдан ургадаг учир 7 хоногт 2 удаа зориулалтын тусгай хайчаар авах ба хумсанд үзүүр ирмэг гаргаж болохгүй.
Толгойн үсийг өдөр бүр савандан угааж болохгүй үс хуурайшдаг. Харин хэт удаан угаахгүй байснаас толгойн зулай хэсэгт дагтаршсан хаг үүсдэг учир арьсны нүх сүв хайрс бохирдсон хагаар хучигддаг. Хэрэв хаг зузаарч дагтаршсвал хэд хоног вазелин, бүлээн тос зэргийг түрхэж зөөлрүүлэн угаана. Харин хүчээр хуулж болохгүй, халдвар орж идээлэх тохиолдол байдаг.