Түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр уралдаант шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарлажээ.
Кино урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний бахархал, түүх соёл, эв нэгдэл, тэдгээрийн үнэ цэнийг сурталчлан таниулахад уралдааны зорилго оршиж байгаа аж.
Дөрөвдүгээр сарын 17-ноос зургадугаар сарын 15-ны 17.00 цаг хүртэл уралдаанд оролцох түүхэн сэдэвт, бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол, кино бүтээх хүсэлтийг хүлээж авна.
Шалгарсан кино зохиол, хүсэлтэд санхүүжилтийн тодорхой хувийг тодруулбал 110,0 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох юм байна.
Дэлгэцийн бүтээлд түүхийн зурвас үеийг хөндсөн тодорхой үйл явдал, Монгол Улсын түүхэнд хувь нэмэр оруулсан түүхэн хүний тухай, үзэгчид, залуу үеийнхэнд эх оронч үзэл, үндэсний бахархал, эв нэгдэл, тусгаар тогтнолын үзэл санааг сурталчилсан агуулгатай байх шаардлага тавьж байгаа юм байна. Түүнчлэн кино урлагийн хөгжилд ахиц, дэвшил болохуйц шинэ техник, технологи ашигласан, төрөл хэлбэр нь шинэлэг байх, зураг авалтыг 4K-аас доошгүй дүрсний нягтралаар хийх, боловсруулах тоног төхөөрөмж бүхий дуу дүрсний чанарын шаардлагын түвшинг хангасан техник тоноглолтой мэргэжлийн студи, продакшн байх зэрэг шаардлагууд ч багтаж байгаа юм.
Уран бүтээлийг туурвих мэргэжлийн баг бүрдсэн байх ёстой бөгөөд киноны багт ажиллах ерөнхий найруулагч, зураглаач нь мэргэжлийн байх бөгөөд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, зөвлөх найруулагч, зохиолч, зургийн дарга, зураач зэрэг үндсэн эх зохиогчдын баг нь бүхлээрээ түүхэн бүтээлд урьд нь оролцож байсан туршлагатай байх шаардлагатай аж.
Бүрдүүлэх бичиг баримт, шаардлагууд зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж аваарай.