Непал улсын төв хэсэг, нийслэл Катманду болон Похаро хотын дунд хэсэгт газар хөдлөлт болсны улмаас багадаа 1800 гаруй хүн нас барсан тухай бид мэдээлсэн. Тус улсын албаныхан болон олон улсын байгууллагууд гамшгийн газарт ажиллаж байгаа бөгөөд амь үрэгдэгдсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Газар хөдлөлт болсон бүс нутагт нэг сая гаруй хүн ам оршин суудаг байсан нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Мөн газар хөдлөлт болж, их хохирол учирсантай холбоотойгоор Европын улс орнууд, Энэтхэг, Пакистан зэрэг улсуудаас тусламж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байна.
– АНУ – Гамшгийн бүсэд ажиллах мэргэжлийн баг болон нэг сая ам.доллар
– Энэтгэг – Хэд хэдэн агаарын хөлөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, эмч нарын баг, бүрэлдэхүүн, гамшгийн бүсэд ажиллах 40 баг, аврагч ноходыг илгээсэн.
– Их Британи – Гамшгийн бүсэд ажиллах 8 баг, хүмүүнлэгийн тусламжийн мэргэжилтнүүд
– Пакистан – C300 агаарын хөлөг, армийн эмч нарын баг, эрэн хайх, радар, үнэрч нохойгоор хүч нэмсэн эрж хайх, аврах багийн бүрэлдэхүүнийг илгээгээд байна.
– Норвеги – 30 сая крон /3.9 сая доллар/ тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлажээ
– Герман, Испани, Франц, Израйл болон Европын холбоо гамшиг болсон бүс нутагт тусламж хүргүүлээд байна.
Энэ удаагийн газар хөдлөлт нь тус улсад 1934 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болоод буй. Одоогоос 80 жилийн өмнө буюу 1934 онд болсон газар хөдлөлтөөр 8500 гаруй хүн амиа алдаж байсан юм.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд ажиллаж байна
Газар хөдлөлт болсон газарт олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд сайн дураар ажиллаж байна. Тодруулбал, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Oxfam, Хил хязгааргүй эмч нар болон Christian Aid байгууллагынхан өөрсдийн сайн дурын ажилтнуудаа илгээжээ. Мөн тус бүс нутагт үүлэрхэг, манантай байгаа нь аврах ажиллагааг түргэн шуурхай, амжилттай явуулахад саад болж байгаа аж. Ялангуяа нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа хийхэд үүлэрхэг нөхцөл байдал хүндрэл учруулж байна.
Эверестийн ууланд 17 уулчин амиа алдав
Газар хөдлөлт Эверестийн ууланд мэдрэгдэж, цасан нуранги үүссэн. Улмаар цасан нуранги үүсч, ууланд авирч явсан гадаадын иргэд амиа алдсан байна. Одоогоор 17 уулчин амиа алдсан гэдэг нь тодорхой болоод байгаа бол 61 хүн гэмтэж, бэртсэн тухай мэдээлэл байгаа аж. Дашрамд дурьдахад, манай уулчид ч бас Эверестэд авирч байгаа бөгөөд Төвдийн талаас авирч буй ОУХМ Б.Цэвээндаш, ОУХМ, Гавьяат тамирчин Т.Гүррагчаа нар багийн бусад төлөөлөгчдийн хамт эсэн мэнд байгаагаа саяхан мэдэгдээд байна.
Непалын газар хөдлөлт: Хэн юу хэлэв
“Бид Непал улсын Засгийн газартай маш ойр ажиллаж, шаардлагатай зөвлөмж, туслалцааг үзүүлж байна” АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри.
“Бид аварга том хэмжээний эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Цаашдаа маш их зүйлийг хийх хэрэгтэй байгаа” Непалын Мэдээлэл, харилцаа холбооны сайд Минендра Рижал
“Осол гэмтэл, сүйрлийн мэдээ одоо ч ирсээр байгаа бөгөөд амь үрэгдсэн болон гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна” НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун
“Бид газар хөдлөлт яг хэдий хэмжээний хохирол учруулсныг мэдэхгүй байна. Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлт Непал улсад 1934 оноос хойш болсон хамгийн их гарз хохирол, үхэл хагацал дагуулсан гамшиг боллоо” Олон улсын Улаан загалманай нийгэмлэгийн Ази, Номхон далайн асуудал хариуцсан захирал Жаган Чапагэйн.
Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд болсон их хохирол учруулсан газар хөдлөлтүүд:
– Иран, 2003: 6.6 магнитудын газар хөдлөлтөд 26000 гаруй хүн
– Индонези, 2004: 9.1 магнитудын газар хөдлөлтөд 230000 гаруй хүн
– Пакистан- Кашмир, 2005: 7.6 магнитудын газар хөдлөлт болж, 100 мянга гаруй хүн
– БНХАУ-Сичуан, 2008: 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 90 мянга гаруй хүн
– Хайти, 2010: 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 220 мянга гаруй хүн амиа алдаж байсан.
Л.Дэлгэр
Эх сурвалж : www.eagle.mn