Савны гадуурх жирэмслэлт гэж юу вэ?

pregnant_2176694bЖирэмслэлтийн олон янзын эмгэг байдгийн нэг нь умайн гаднах жирэмслэлт. Манайхан үүнийг савны гадуурх жирэмслэлт ч гэж ярьдаг. Үр тогтсон өндгөн эс умайн хөндийд орж аль нэгэн хананд нь бэхлэгдэж үр хөврөл болон бүрэлдэж өсөх ёстой байдаг. Гэтэл үр хөврөл үр дамжуулах хоолойгоор умайн хөндийд орохгүйгээр үрийн хоолойд юм уу эсвэл эхийн хэвлийн хөндийн эрхтнүүд дээр бэхлэгдэж байрладаг гэнэ.

-Умайн гаднах жирэмслэлт гэж юу вэ. Юунаас болж үүсдэг юм бэ?

-Үр хөврөлийн өндөг умайн хөндийд биш харин түүний гадна хэсэгт байрлан ихэсжиж, хөгжихийг умайн гаднах жирэмсэн гэдэг. Өндгөн эс ихэвчлэн үр дамжуулах хоолойд байрласан байдаг ч үүнээс өөр умайн гаднах ямар ч хэсэгт томорсон байж болдог. Энэ нь эх эндэх гол шалтгаан болдог учир бүсгүйчүүд бие давхар болсноо мэдмэгц ЭХО-д харуулах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйн нэг хувьд нь умайн гаднах жирэмслэлт тохиолддог ч сүүлийн үед маш их тохиолдож байгаа. Ялангуяа 25-30 насны эмэгтэйчүүдэд их тохиолддог. Умайн гаднах жирэмслэлт нь умайн гуурсан хоолойн жирэмсэн, хэвлийн өндгөвчний жирэмсэн гэх мэт хаана байрласнаас шалтгаалан олон янз байдаг. Тэр дундаа умайн гуурсан хоолойн жирэмсэн нь хамгийн их тохиолддог бөгөөд 98-99 хувьд нь тохиолддог. Сүүлийн үед ихэсээд байгаа үндсэн шалтгаан нь бага аарцгийн хөндийн болон үрэвсэлт өвчнүүдтэй холбоотой. Ялангуяа бага аарцгийн идээт болон бусад үрэвсэл бэлгийн замаар халдварласан бусад өвчнүүд бас олон абортод орсонтой холбоотой байгаа нь сүүлийн үед их ажиглагдаж байна.

-Умайн гаднах жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ.

    -Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах, дотор муухайрах, огиулах, хөх хөндүүрлэх зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг шинж тэмдгүүд илэрдэг ч эдгээрийн зэрэгцээ хэвлийн доод хэсэг болон гэдсээр хүчтэй хатгуулж өвдөж байвал умайн гаднах жирэмсэн байх магадлал өндөр байдаг. Заримдаа мөр болон хүзүүгээр өвдөж, толгой эргэн ухаан алддаг. Мөн үтрээнээс доош сарын тэмдгээс хавьгүй их, эсвэл бага хэмжээний цус гарна.

-Савны гадуурх жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх вэ?

-Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга бол эмэгтэйчүүд өөрсдөө сарын тэмдэг ирэх хугацаандаа ирээгүй тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр умайн гаднах жирэмслэлтээс бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй ч эхэд болон үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр эмчлэх бүрэн боломжтой байдаг учир эмэгтэйчүүд маань өөрөө өөрсдөдөө хяналт тавьж хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орохгүй байж, олон дахин үр хөндөлт хийлгэхгүй байх хэрэгтэй. Үр дамжуулах хоолойд тогтсон өндгөн эс томорч, багтахгүй болоод ирэхээрээ хагарах юм уу эсвэл хоолойг урж цус алддаг. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн анхааралгүй, хайхрамжгүй байдлаас болж дотуур цус алдалтын улмаас эхийн амь нас эндэх аюултай байдаг учраас цаг алдалгүй эмчид хандан эмчилгээ хийлгэж, хэт авиан дурангаар үр хөврөл умайд орсон эсэхийг шалгуулах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм.

 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …