Уран бүтээлийн дотны анд, хуурай дүү нь гэгдэж явсан залуухан бүсгүйн уур бухимдлын хор уршгийг биеэрээ амсч мэдрэн, буцалсан халуун усанд түлэгдэж хохироод байгаа СТА, жүжигчин Д.Оюунтуул сайн үйлсийн аянд олон нийтийг уриалжээ. Тэрбээр түлэнхийн зовлонг өөрийн биеэр эдэлж яваа хүний хувьд сэтгэл өвдөм хүнд шархтай байгаа ой, гуравхан сартай балчир хүүгийн эмчилгээнд тус нэмэр болохыг чин сэтгэлээсээ хүссэн гэнэ. Энэ ч утгаараа, өөрийн цахим хуудсаар дамжуулан сайн үйлсийн аянд нэгдэхийг үзэгч фэнүүддээ уриалсан талаар хэвлэлийнхэнд ярьжээ.
Үүний зэрэгцээ, жил орчмын өмнөхөн “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагаас болж 31 хувийн түлэгдэлттэй шарх сорвио эмчлүүлэхээс аргагүй байдалд хүрсэн Д.Оюунтуул “Намайг өвчтэй хүүгээр далимдуулан шоу хийж, мөнгө олох гэж байна хэмээн хардсан хүмүүс бий. Түлэнхий гэдэг маш хорлонтой, аймшигтай өвчин. Түүнийг өөрийн биеэр амсч мэдэрсэн хүний хувьд, хөөрхийг хүүхдийг хараад зүгээр сууж тэвчсэнгүй. БНСУ-д эмчлүүлэхээр явахад минь ч гэсэн, зарим хүмүүс намайг Ц.Алдармаагаас их хэмжээний мөнгө авч шоппинг хийж байна гэж хардсан.
Би одоо хүртэл эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Жил орчим хугацаанд уран бүтээлээсээ холдож, олны хэл аманд өртөөд сэтгэлээр их унасан. Харин саяхан уран бүтээлч дүү нар маань надад “Хуримын сюрприз” кинонд тоглож, бас зургийн даргаар нь ажиллах санал тавьснаар урам зориг орсон. Цаашид би “Шинэ үе” продакшиндаа орох эсэх талаар сайн хэлж мэдэхгүй байна. Тайзан дээр гарахад хүмүүс намайг хүлээж авах болов уу гэсэн айдастай явна. Ц.Алдармаатай ямархуу харилцаатай байгаа тухай энд яриад яахав. Адилхан эмэгтэй хүн болохоор намайг ойлгох биз ээ” хэмээн тайлбарласан ажээ.