Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолунг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны болоод хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлээд Элчин сайд Ван Сяолун Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн медалиар шагнав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ван Сяолун “Юуны өмнө цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлье. Хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгаад таатай байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхэд бидний оролцоо, дэмжлэг их чухал. Энэ ч үүднээс бид боломжтой бүхий л зүйлээр тусалж, харилцаагаа улам өргөжүүлж, хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтран ажиллахад таатай байх болно” гэв.
Харин нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлье. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний айлчлалын үеэр Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү анхаарч ажиллах болсноо мэдэгдсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын гэр хороолол, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх тал дээр дэмжлэг авах хүсэлтэй байна. Энэ ч үүднээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд оролцох саналыг хоёр талаасаа дэмжих шаардлагатай байгаа юм. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөж айл өрхийн амьдралд шууд тусч байх нь их чухал. Тиймээс цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн төлөө ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.