1000 нэгжээр “авлигадсаны” хэрэг гарав уу СЕХ-ны дарга аа

ggg Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль будлиан шуугиангүй сайхан болж өнгөрлөө. Харин сонгуулийн ирц хамгийн хурцаар тавигдах асуудал болсоныг судлаачид онцолж байна.  Ардчилсан хувьсгалаас хойших УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санлын ирц анх удаагаа 65 хувьтай бага гарсан ажээ. Сонгуулийн төв байгууллага ч сонгуулийн ирцэнд ихээхэн анхаарал хандуулсан ч үр дүн муу байлаа.

СЕХ сонгогчидыг 1000 нэгжээр “гахуулдсан” ч тусыг эс олов бололтой.

Манай улсад  сонгууль оролцох нийт 1 сая 800 мянган гаруй сонгогч саналаа өгөхөөр бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний 65 хувь нь буюу 1 сая 200 мянга гаруй иргэн саналаа өгөв. Тэднийг 1000 нэгжээр урамшууллаа. Тэгэхээр 1 тэрбум 200 сая төгрөг гэсэн үг юм. Энэ мөнгөний тоо бол бага мөнгө биш болов уу.

За  мөнгө ч яах вэ бодоход, хамгийн гол нь цаашид сонгууль бүрт  СЕХ-оос иргэдийг саналыг нь өгүүлэхийн тулд ингэж “авлигаддаг” жишиг тогтох бий гэхээс болгоомжилж байна. Дараа дараагийн сонгуулиар иргэд сонгогчид  сонгуульд оролцохын тулд СЕХ-оос нэгжээ өг гэж нэхэх  юмуу, эсвэл өгдөг нэгжээ нэмэгдүүл гэвэл яах вэ?

Уг нь  сонгох, сонгогдох эрх бол Монгол  Улсын үндсэн хуулиар олгогдсон эрх. Иргэд саналаа өгнө гэдэг нь иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа явдал. Түүнийх нь төлөө төрөөс мөнгө, түүнтэй тэнцэх эд зүйл өгч байгаа нь нэг талаас Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа явдал, нөгөө талаас иргэдийг “ядуу дордоор нь” доромжилж байгаа үйлдэл гэж ойлгогдохоор байна.

Монголчуудын цөөнгүй хэсэг нь хэдий ядмагхан амь зууж байгаа ч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд 1000 нэгжээр санал өгөхдөө арай ч тулаагүй л байлтай.  Тэр тусмаа эртнээс сонгуулиа өгөөд дадчихсан манай ахмадууд, лав энэ санал, санаачлага таалагдахгүй байгаа биз.

Монгол хүн, иргэнийхээ үүргийг биелүүлсэний төлөө улсаасаа 1000 төгрөгийн нэгж авах тийм дорой сэтгэлгээтэй болчихсон гэж үү. Энэ хэний санаачилсан “гоё” санаа бэ. Албаны мэдээллээр бол Сонгуулийн ерөнхий хороо энэхүү санаачлагыг гаргаж, сонгогчдын  санлыг нь өгүүлэхийн тулд хийж буй мэргэн санаа байжээ. Гэвч олигтой бүтсэнгүй, харин ч сонгогчидыг үргээчих шиг боллоо. Урьд өмнө нь сонгуулийн санал хураалтын үеэр ийм санал санаачлага гарч байгаагүй ажээ. Иргэдийн хэд нь 1000 төгрөгөө авахын тулд саналаа өгнө гэж итгэх бэ. Харин ч сонгогчидын эгдүүцлийг хүргэсэн, доромжилсон санаа биш гэж үү СЕХ-ныхон. Та бүхэн  үүндээ тайлбар өгөх ёстой болоод байна.

Төрийн төлөөллөө сонгох сонгуульд хүндэтгэлтэй ханддаг, төрөө дээдэлдэг манай ард түмэнд ийм “доромж” санаа зохихгүй болов уу. Саналаа өгсөн ч нэгж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн сонгогч  олон  байна. “Иргэнийхээ үүргийг л биелүүлсэн. Нэгж авах ёсгүй” гэж байр сууриа илэрхийлсэн жиргээчид цаагуур чинь олон байна. Нөгөөтэйгүүр үнэгүй юм гэж байдаггүй биш бил үү. Сонгуульд саналыг өгүүлэх нэрийдлээр аль нэг нам, улс төрийн хүчнийхэн энэ үйл ажиллагааг санаачлаад байгаа юм биш  биз гэж хардах иргэд ч цөөнгүй байна.

Жиргээчдийн  дунд  саналаа өгөөд оронд нь авах нэгжээ  “БНСУ-д эмчилгээ хийлгэж буй дөрвөн настай Б.Танан охинд туслах аян”   байдлаар  санаачлага гарган ажиллав. Сонгуульд зарцуулахаар төсөвлөсөн энэ мөнгөний нэг хэсэг нь энэ мэтээр бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын өвдөж зовсон нэгэнд нь  хүрч байвал юуны буруу байхав. Гэвч  нэг тэрбум гаруй  төгрөг /нэгж/ хөөрхий охинд шууд хандив болоод оччино нь гэвэл бас худлаа.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын  олон орны сэтгүүлчид сурвалжлан хүргэж байна. Дэлхийн том хэвлэлүүд “Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох сонгуульд саналаа өгөөд 1000 нэгж авч байна” гэж мэдээлвэл ямар сонсогдох бол, Ардчилсан Монгол улсын   нэр хүндийг дэлхий дахинд хэрхэн харагдуулах бол. Харамсалтай нь нэгэнтээ  ийм мэдээлэл дэлхий дахинд  цацагдаад байна.  Дэлхийн улс орнууд Монгол иргэд  1 доллар хүрэхгүй “үнээр” сонгуулиа өгч “худалдагддаг” гэх ойлголтыг авчихвал ямар вэ?

СЕХ-ны удирдлагууд яагаад  энэ бүхнийг бодолцолгүй шийдвэрээ гаргав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн эрхэм тайлбар хийнэ үү.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн …