БНХАУ. Ши Зиньпиний тэргүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон хамгийн сүүлийн өндөр түвшний албан тушаалтнаар Нанжин хотын дарга асан Жи Жианьэ тодроод байна. Түүнийг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоож, шүүхээс 15 жилийн хорих ял оногдуулав.
Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүх Жи Жианийг 1999-2012 оны хооронд хээл хахуульд 2.37 сая ам. доллар авсан хэрэгт буруутай болохыг тогтоосон талаар өөрийн цахим хуудсаар мэдэгдэв. Шүүхийн мэдэгдэлд “Өөрийнхөө бурууг хүлээж, чин санаанаас гэмшсэн Жи Жианьэд шүүхээс зарим ялыг нь хөнгөрүүлсэн” гэжээ. “Бульдозер Жи” гэх хочтой Жи Жианьээс хууль сахиулах байгууллагууд 420 000 ам. долларын өртөг бүхий эд хөрөнгө хураан авсан байна. “Бульдозер Жи” нь 2010 нь Нанжин хотын дарга болохоосоо өмнө Куньшань болон Яньжоу хотыг удирдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Жи Жианьийн улс төрийн бүхий л замнал Жянсу мужтай холбоотой юм. Жи болон түүний гэр бүлийн гишүүд үлэмж хэмжээний мөнгө болон бэлэг хүлээн авсан, хууль зөрчсөн талаар тус улсын хууль сахиулах байгууллагууд мэдэгдсэний дараа буюу 2014 оны 1 дүгээр сард түүнийг Коммунист намаас хөөсөн билээ. Жи-гийн улс төр дэх уналтыг өөрийн ойр дотны этгээдийн компанид барилгын төслүүдийг шилжүүлсэн явдалтай холбоотой хэмээн төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.
Нанжин бол Жянсу мужийн нийслэл хот бөгөөд хөрш Шаньдун мужид орших Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн түүнийг шийтгэсэн юм. Хятадад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа албан тушаалтнуудыг амьдарч байгаа нутгийнх нь эрх мэдэл бүхий этгээдүүдээс ангид байлгахын тулд хэргийг өөр мужийн шүүхээр шийдвэрлэдэг байна.
эх сурвалж: iaac.mn