Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл амжилттай явагдаж дууссан байна. Сонгуульд нийт 540 хүн нэрээ дэвшүүлсэнээс чөлөөт суудалд 250 хүн нэр дэвшсэн байна. Тэдгээрээс 113 нь энэхүү суудалд суух эрхтэй болно. ҮЗЗ-ийн сонгуульд нэр дэвшигчид онлайнаар бүртгүүлсэн бөгөөд шалгуур үзүүлэлт нь ажлын туршлага, эссэ бичих, дэнчингийн мөнгө болох 240 мянган төгрөгийг дансанд байршуулах зэрэг шалгуурыг тавьсан. Тиймдээ ч Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай нягт танилцаж, ажлын туршлага болон эссэгээ хэрхэн бичсэн эсэхэд анхаарал хандуулж байгаа юм байна. Хэрэв эссэгээ бичээгүй дэнчингийн мөнгөө байршуулаагүй бол сонгогдох магадлал нь буурах аж. ҮЗЗ нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах, залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм. Энэ ч утгаараа сонгуульд салбар салбарын манлайлагч залуус өөрийн нэрийг дэвшүүлжээ. Тухайлбал МУ-ын Засгийн газрын гишүүн, Зам,тээврийн сайд Н.Төмөрхүү, АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга С.Эрдэнэболд, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Хийлч О.Байгаль, “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Энхболд, TВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар, МNC телевизийн захирал А.Адилбиш, Powerlifthing-ийн Ази тивийн 4-н удаагийн мөнгөн медальт Ц.Зол-Эрдэнэ, “Болор цом-2013”-ын эзэн, “Өдрийн сонин”-ийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан зэрэг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч, шилдэг залуус нэрээ дэвшүүлжээ. ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 28-н буюу мягмар гарагийн 9 цагт Нийслэлийн иргэний танхимд болохоор болжээ. Анхдугаар хуралдаанаараа олон олон асуудлыг хэлэлцэх ба тэдгээрийн нэг нь улс төрчдийн хар жагсаалт байх юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс залуучууд, орон нутгийн иргэдээс санал асуулга явуулж ҮЗЗ-ийн 2-р хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж улс төрийн хар өдөр буюу 10 сарын 02-ны өдөр олон нийтэд танилцуулах юм.