“Амьд” хөгжим сонирхогчдыг нийтээр нь цуглуулж чаддаг “Playtime-2013” наадам долдугаар сарын 27, 28–нд Гачууртын “Монгол шилтгээн”-нд болох гэж буй. Майхан, хувийн бэлтгэлээ базаагаад задгай талбайд очиж хөгжмөө сонсдог наадмаар энэ жил шинэ залуу болон урилгаар тоглох нийт 40 орчим хамтлаг оролцох юм.
Тэгвэл наадмын эргэн тойрон дахь нэгэн шинэ мэдээллийг дуулгая. Шинэ залуу хамтлагуудын хувьд шалгаруулалт давж байж наадамд тоглох бөгөөд “Hi-Fi records”-т 42 хамтлаг шалгаруулалтад оролцохоор бүртгүүлжээ. Эдгээр хамтлагууд маргааш 16.00 цагт “Hanzo” клубт ямар хөгжим хийж чаддагаа харуулж, наадамд оролцох эрхээ авах юм байна. Шалгаруулалтын шүүгчээр “Лемон продакшн” студийн захирал Л.Лхагвадорж, “Playtime -2013” наадмын продюссер Ц.Нацагдорж нар ажиллах ажээ.
Энэ жил тоглолтын бүтцэд өөрчлөлт орсон буюу урилгаар оролцож буй хамтлагууд шинэ уран бүтээлээ танилцуулж, бүтэн “сэт” тоглох гэнэ. Ингэснээр мэдээж нэг хамтлагийн тоглох тоглолтын хугацаа уртсах юм. “Монгол шилтгээн”-ийн задгай талбайд өнгө өнгийн майхан алаглах “Playtime Camp”, шарайргийн хотхон байгуулж, амьд хөгжим сонирхогчдын эд хэрэгсэл, цомгийн цуглуулгыг худалдах зах ажиллаж, эхний тоглолтын өдрийн орой нь галын наадам уламжлал ёсоор болно. Наадмын зохион байгуулагчаар “Hi-Fi records”, “Лемон” студи, “Anima mundi”продакшн, “Мон хорус интернэшнл” ХХК болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулах бол тасалбарын хувьд өнгөрсөн жилийнхтэй адил олуулаа наадамдаа явахад тохиромжтойгоор нь багцын үнийг санал болгох тухай сонсдож байна. Билет худалдаанд гарсан даруйд бид эргэн мэдээллэх болно.
эх сурвалж: урлаг.мн