Өнөө цагт мэдээлэл интернэт орон зайд тулгуурлан асар хурдацтай хөгжиж байгаа цаг үед цахим сэтгүүл зүйн асуудал юу юунаас илүүтэй чухлаар тавигдах боллоо. Монголын Сайтын Холбоо нь эгнээндээ 170 орчим гишүүн сайтуудыг нэгтгэсэн цахим хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын нэг төдийгүй гишүүн сайтуудаа хөгжүүлэх, тэдний эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах зорилго чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
МОСАХ-оос санаачлан, МНСЭ-тэй хамтран “Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”- ыг тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулж цахим сэтгүүл зүйн өмнө тулгамдсан асуудлыг хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна. Мөн үүний зэрэгцээгээр МОСАХ-ны Цахим сэтгүүл зүйн бакалаврын зэрэгтэй сэтгүүлч бэлтгэх ангийг Отгонтэнгэр Их сургуультай хамтран ирэх намрын хичээлийн жилээс эхлэн нээх болсон байна. Ингэснээр сошиал медиа болон цахим орчинд бүрэн ажиллах өндөр чадвартай мэргэжлийн цахим сэтгүүлчдийг бэлтгэн гаргах боломж бүрдэх юм.
Тавдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагаас Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад сэтгүүлчдэд зориулан баярын концертийг зохион байгуулж ахмадуудаа үнэ төлбөргүйгээр үзүүлж, гарын бэлэг гардуулах болсон. Хэрвээ та сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа бол энэхүү тоглолтын урилгыг МОСАХ-ны 315090 тоот утсаар холбогдон авч болох ажээ. Ахмадууддаа өгөхөөр МОСАХ-оос бяцхан гарын бэлэг бэлтгэсэн гэнэ.
Түүнчлэн дэлхий нийтээрээ “Ногоон хөгжил-Эко орчин”-ыг дэмжиж байгаа энэ цаг үед МОСАХ-ны гишүүн сайт бүр нэг мод тарих зэрэг олон ажлыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан хэрэгжүүлэхээр болж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МОСАХ-ны нэрэмжит төгөл байгуулан, мод тарих ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тавдугаар сарын 2-ны орой Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг МОСАХ-ны зүгээс Төр засгийн болон төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчдийг хамруулсан 400 хүний Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулснаар МОСАХ-ны зүгээс явуулж байгаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн цогц арга хэмжээнүүд өндөрлөх ажээ.