Өнөөдөр Универсиадын “Тамирчдын тосгон” албан ёсоор нээгдэнэ

57c3b8f8a039ce59397616ae484ee6708dfc8e33 ОХУ-ын Казань хотноо 2013 оны 07 сарын 06-17-ны өдрүүдэд зохиогдох дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Универсиад наадамд оролцох баг тамирчид, төлөөлөгчдийн байрлах “Тамирчдын тосгон” 06 сарын 29-ны өдөр албан ёсоор нээгдэх гэж байна.

Универсиадын тосгоны эхний ээлжийг 2010 оны 9 сард ашиглалтанд хүлээн авч 3 жилийн турш Казаний олон ИДС-ийн оюутнууд энэ хотхонд байрлан ашиглаж байв. Зохион байгуулах хороо, холбооны болон БНУ-ын Засгийн газрын хөрөнгөөр 53 га газарт тосгонг барьж, 274,000 кв.м талбайгаас энэхүү байгууламж бүрджээ. Тамирчдын тосгон нь  наадмын үеэр нэг дор 12,976 төлөөлөгчдийг нэгэн зэрэг байрлуулах боломжтой. Тосгон дотроо 2 үндсэн хэсэгтэй, олон улсын төв ба амьдрах байруудын хэсэг гэж хуваагдана. Мөн байрууд нь 3 үндсэн хэсэгт цуваа байдлаар оршиж, 4-13 давхар барилгуудтай 28 байшингаас бүрдэж байгаа юм. Тосгонд банк санхүү, худалдаа үйлчилгээ зэрэг бүх төрлийн газруудтай ажээ.
Наадмын дараагаар Казаний их, дээд сургуулиудын оюутнуудын нэгдсэн хотхон болж, оюутнууд үргэлжүүлэн амьдрана. Мөн Волга бүс нутгийн Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын их сургуулийн оюутнууд энд амьдарна. Тамирчдын тосгон нь нисэх буудлаас ойрхон, Казань хотын Приволский дүүргийн Парина гудамж дагуу ногоон байгууламжуудын дунд байрлаж байна. Тосгон нь автобус, Проспект Победи метроны буудлуудаас холгүй оршдог. Тосгонд тамирчдын бие халаалт хийх задгай цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, тренежерийн заал, бэлтгэлийн төвүүдийг оролцуулан байгуулжээ. Тамирчдын тосгонд байрлах “Олон улсын төв”-д тэднийг хүлээн авах, бүртгэх төвүүд байрлаж наадамд оролцох эрхийг ОУОСХ-ны хяналтын хорооноос олгоно.
Түүнчлэн холбооны болон БНУ-ын Засгийн газрын хөрөнгөөр БНСпортын 64 барилга байгууламж наадмын үйл ажиллагаанд шаардлагатай байсан (тэмцээн явуулах ба албан ёсны бэлтгэл хийх) ба үүнээс 30 спортын барилгыг шинээр барьж байгуулжээ. Зарим спортын ордон, заалыг өргөтгөн засч, тохижуулж бэлтгэсэн байна. Казань хотноо “Ак барс” бөхийн ордон, Теннисийн академи, Олимп төв, Свияга буудлагын төв, Форвард спорт цогцолбор зэрэг олон байгууламжууд шинээр баригджээ. Эдгээрээс спортын 3 том байгууламжид ихээхэн ач холбогдол өгч байсан. Үүнд: нээлт, хаалтын ёслол хөнгөн атлетикийн тэмцээн болох төв цэнгэлдэх хүрээлэн “Казань Арена”, мөн бүх төрлийн усан спортын тэмцээн явуулах төв, түүнчлэн сэлүүрт завины тэмцээнүүд зохиогдох “Казань регита” байсан. Одоо эдгээрээс  “Казань Арена”-гийн барилгын ажил дуусч, тавилга төхөөрөмжүүдээ угсарч, төгсгөлийн шатандаа оржээ. Энэ байгууламж нь  45,000 хүний суудалтай, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт явуулахад ФИФА-гийн стандартыг бүрэн ханган баригдаж байна. “Казань Арена” төв цэнгэлдэх хүрээлэнгээс бусад бүх спортын барилга байгууламжууд төрөл бүрийн түвшины сорилт тэмцээнүүд явагдаж туршигдсан байна.  Түүний дотор Оросын аварга шалгаруулах тэмцээнүүд, Европ, дэлхийн аварга, оюутны ДАШТэмцээнүүдийг бокс, буудлага, сэлүүрт завь, каное завины төрлүүдээр өнгөрсөн 5 жилийн дотор явуулжээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …