Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөв болон хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.
Харин нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотод орж ирэх 20 автобус тохирсон ёсоор 06 дугаар сарын 01-ний дотор орж ирж үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна гэж ойлгож бид ажлаа төлөвлөсөн байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хотын даргад хүсэлтийг нь уламжлан дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.