“Алс газар сурахаар одогсод”

7702652ef74bee8b22e8bad52feb52e7Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Гэтэл эл харилцаанаас даруй хагас зуун жилийн өмнө хоёр орны  хооронд ардын дипломат харилцааны эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн хөвгүүн байсан билээ. Тэд хожмоо шинэ цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхлөсөн түүхтэй.

Франц улсад сурч байсан дөрвөн хөвгүүн болон тэдэн дээр нэмэгдэн очсон Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Бадамжав түүнчлэн тэдний Францад суралцах ажлыг анх санаачлан зохион байгуулсан Ц.Дамбадорж, Эрдэнэбатхан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн багш Б.Ишдорж, Д.Буддари зэрэг олон хүмүүсийн амьдрал, хувь заяаны ээдрээт, эмгэнэлт түүхийн тухай сэтгүүлч Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” хэмээх ном бичиж хэвлүүлжээ.

Түүний шинэхэн номын талаар доктор, профессор З.Лонжид “Энэхүү дэвтэрт Ч.Болдын бичсэн зүйл бол судлаачдын бүтээлд  дурдах төдийгөөс ер хэтрээгүй байсан том сэдвийг тусгайлан авч үзжээ. Монголын төр улс орноо дэлхийн жишигт дүйцэхүйц эдийн засаг, боловсрол, соёлтой болгохыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлж байсныг Ч.Болдын энэхүү номоос мэдэх боломжтой. Зохиогч Ч.Болд олон янзын эх сурвалж эрэн олж бүтээлдээ ашигласан нь тун сайшаалтай” хэмээн үнэлсэн байна.

Сэтгүүлч Ч.Болд сүүлийн 7 жилийн хугацаанд судалгаа хийж  бичсэн энэхүү номдоо 120 шахам ховор гэрэл зураг болон архивын баримт ашигласны дийлэнх нь урд өмнө хэвлэгдээгүй бөгөөд судалгааны эргэлтэд анх удаа орж байгаа аж. Нийт гурван дэвтэрээс бүрдэх эл цувралын дараагийн хоёр дэвтэрт 1926-1930 онд Герман улсад суралцаж байсан сурагч, оюутнуудын тухай өгүүлэх юм байна.

эх сурвалж: inet.mn

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …