Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблей 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахын тулд МЗХ хичээн ажиллаж байна.Иймд хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчид болон Ассамблейд оролцох монголын төлөөлөл, сайн дурынхан нэгэн ижил хувцсаар гоёхоор болжээ. Монголын Залуучуудын Холбоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс Exclusive брэндэд санал тавьж, 750 төлөөлөгчийн хувцсыг үйлдвэрлүүлэхээр болсон байна. Уг хувцасны хувьд салхи, бороо нэвтрэхгүй манай улсын эрс тэс уур амьсгалд нэн тохирсон, аваад явахад овор багатай, өмсөхөд хөнгөн гээд давуу тал олонтой аж. Хувцсан дээр тус Ассамблейг санаачлан зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, ХАХНХЯ, МЗХ-ны логог шигтгэж өгчээ. Солонгын өнгө шиг таван өнгөөр хийгдэж буй энэхүү хувцсыг дэлхийн брэнд болох ADIDAS, NIKE-ийн хувцас хийгддэг материалаар хийж байгаа учраас чанартай гэдгийг онцолж байна. Ер нь бол манай улсад зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээнд хэрэглэгдэх хувцас хэрэглэлийг ихэвчлэн БНХАУ, БНСУ- д тус тус захиалж хийлгэдэг байна. Харин энэ удаа Монголчууд өөрсдөө хийж чаддаг гэдгийг ч давхар харуулж буй хэрэг гэдгийг тодотголоо. Эцэст нь хэлэхэд Азийн залуучуудын Ассамблейн төлөөлөгчид Made in Mongolia-аар гоёх нь ээ.