Үзэг цаас төдийхөн өвөртлөөд сурвалжлаганд гүйдэг, үсэг өрж тугалга цутган сониноо хэвлэдэг байсан түүх Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын саяхны дүр зураг.Сургууль төгсөж мэргэжлийн сэтгүүлч болоод сонин сэтгүүлийн шинэ дугаар гаргах гэж хэвлэлийн будаг, дардастай ноцолдож явсан сүүлчийн төлөөлөл нь өнөөдөр тавин нас шүргэх төдий идэрхэн байна.
Компьютер гэдэг нэгэн гайхамшгийг зөвхөн нарийн мэргэжлийн инженерүүд л ажиллуулж чадна, тэр хүмүүсийн толгой нь компьютер шигээ агуу, жирийн бидэнтэй зүйрлэшгүй гэсэн үлгэр домгийн төсөөлөл ердөө 1980-аад оны эхэн, дунд үеийнх бөгөөд арав хорьхон жилийн дараа монголчууд хүссэн мэдээллээ цахим сүлжээгээр солилцож, хоёр гуравхан настай хүүхэд хүртэл электрон хэрэгслийн товчийг зөв дарж, учрыг нь зөнгөөрөө ухаж чадна гэж тэр үед хэлбэл “Хөөрхий энэ минь номын цагаан солио тусчихаад элдэв дэмий юм ярьдаг болчихсон юм” гэж ар хударгаар нь шивэгнэлдэх байлаа.
Мэдээллийн харилцааны технологи ийм эрчтэй хөгжинө, тэр хөгжлийн үр шимийг монголчууд бас бусадтай өрсөлдөн, заримдаа бүр түрүүлэн хүртэнэ гэдгийг тэр үед олж харж, онож төсөөлсөн нь хэд бол? Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбар, хэвлэлийн үйлдвэрлэл цахимжих нь тодорхой байсан ч Монголд цахим хувьсгалын давалгаан далайн хар салхиных шиг эрч хүчтэй цөмрөн орж ирнэ, тэгээд хэвлэл мэдээллийн хэвшмэл дүр зургийг асар богино хугацаанд өөрчилж, асар олон зүйлд шинэ өнцгөөс хандахад хүргэнэ гэдгийг баримжаалсан нь хэд бол?
Ер нь 1990-ээд оны нийгмийн суурь өөрчлөлт монголчуудын “Гадаадад тэгдэг юм гэнэ лээ. Хөрөнгөтөн оронд ингэдэг юм гэнэлээ” гэж сургаар ярьдаг байсан олон зүйлийг сайнтай муутай, гэрэлтэй сүүдэртэй нь бидний амьдралд татан оруулж ирсэн. Түүний нэг нь хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлзүй дэх технологийн болон бусад өөрчлөлтүүд билээ. Мэдээллийн харилцааны технологийн хөгжил сэтгүүлч гэдэг мэргэжлийг тэлж баяжуулж, олон талтай, илүү үнэ цэнэтэй болгож өгсөн.
Олон мэргэжлийг нэгтгэж, заримыг нь эзэмшвэл зохих чадварын түвшинд аваачсан. Мэдээлэл хадгалах орон зайг хэмжээгүй, мэдээлэл түгээх орон зайг хил хязгааргүй болгож өгсөн. Энэ бүхний өгөөж үр шимийг та бид, манай сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбар хүртэж байна. Цахим сэтгүүлзүйн салбар дахь техник, технологийн шийдэл, хөгжлийн талаархи яриагаа үүгээр цэглээд цахим сэтгүүлзүйн мэргэжлийн байдал буюу профессионализмын тухай асуудлыг хөндөе гэж бодож байна.
Цахим хувьсгалын давалгаанд цохиулж чиг баримжаагаа алдаад, байгалийн зөнгөөрөө амьд үлдэх гэж тийчигнэж байсан үе манай сэтгүүлзүйн хувьд нэгэнт түүх болж ард хоцорлоо. Сэтгүүлзүй бол бизнес.
Энэ утгаараа хэн түрүүлж боломжийг олж харсан, хэнд илүү боломж байгаа нь хождог зарчим манай салбарт ч чөлөөт зах зээлд шилжсэн он жилүүдэд үйлчилсээр ирсэн.
Сэтгүүлзүйг цахим технологитой холбон бизнес болгох үйлсэд 2000-аад он, одоогийн байдал ч үүний нотолгоо.
1990-ээд оноос хувь хүн, хувийн хэвшлийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмших боломж нээгдмэгц хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс мэрэгжил боловсрол, нийгмийн байдал үл харгалзан манай салбар руу орж ирснээр уламжлалт сэтгүүлзүй дэх профессионализм нэлээд алдагдсан.
Тэгвэл сэтгүүлзүйг цахим технологитой холбон бизнес болгох үйлсэд 2000-аад он, одоогийн байдал ч үүний нотолгоо. Тэгвэл сэтгүүлзүйг цахимтай холбон бизнес болгох үйлсэд IT-мэдээллийн харилцааны чиглэлийн инженерүүд, бас мөнгөтэй бөгөөд бизнесийн орон зайг түлхүү мэдрэгсэд түрүүлэн ирсэн.
Тэдэнд сэтгүүлчийн хувьд профессионализм байгаагүй. Сэтгүүлзүйн жорыг ихэд хялбарчлан ойлгосон. Мэдээ л бол мэдээ, нийтлэл л бол нийтлэл гэсэн хандлага газар авснаас цахим орчинд мэргэжлийн сэтгүүлзүй хөгжих боломж үндсэндээ байхгүй байлаа. Үндэсний сэтгүүлзүй ийнхүү мэргэжлийн бус хэсгийнхний түрэлтэд үе шаттай өртсөнөөр чанар чансаа нь ихээхэн суларсан бодит үнэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Үр дүн нь гэвэл өнөөдөр Монгол өдрийн од шиг цөөхөн нийтлэлчидтэй, шөнийн од шиг олон нийтлэгчидтэй болчихоод байна.
1990-ээд оноос хойш уламжлалт хэвлэлд бий болоод байсан буруу соёлыг цахим мэдээллийн хэрэгслүүд улам дэвэргэсэн. Сэтгүүлзүй хэмээх их айлын сайн муу хоёрын аль аль нь цахим сэтгүүлзүй рүү ямар ч хаалтгүй нэвтэрсэн. Муу нь бүр түлхүү нэвтэрсэн ч гэж хэлж болно. Сайн технологи, буруу муу арга барил хоёр нийлээд цахим орчныг ээдүүлсэн. Нэг хэсэг манай салбарт цөөвөр чонын сүрэглэн дайрах зарчим соёлт хүмүүний хүсэл зорилго, хүч боломжоо нэгтгэх зарчмыг ялчихаад, манай салбарын хамаг үнэт зүйлсийг баллуурдан бүдгэрүүлчихээд байлаа.
Болох болохгүй бүхнээ бүгдийг нь хэвлэлийн эрх чөлөөнд халдах гэлээ гэдэг нэрийн дор хамгаалан үлддэг систем бий болчихоод байлаа. Гэхдээ энэ буруу хандлага бага багаар засагдаж, салбарынхан маань мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэхийн төлөө санаа тавьдаг болж эхэллээ. Сэтгүүлзүйд хуулийн хамгаалалтаас гадна салбарын соёл нь өөрөө дархлаа болж өгдгийг одоо сайн ойлгодог болжээ. Хувь сэтгүүлчийн соёлоос редакцийн, редакцийн соёлоос салбарын соёл хамаардгийг анхаарч эхэллээ.
Ер нь аливаа салбарын өөрийн гэсэн соёлын анхдагч шүүлтүүр нь тэр салбарыг бүрэлдүүлж буй хувь хүндээ байдаг. Хувь хүний хүмүүжил төлөвшил, хүмүүншилд байдаг.
Шинэ соёл, шинэ стандарт, шинэ үнэт зүйл дан ганц цахим сэтгүүлзүй төдийгүй, үндэсний сэтгүүлзүйд бүхэлд нь хэрэгтэй.
МСНЭ сүүлийн 4 жилд аливаа тэмдэглэлт арга хэмжээг архи дарсгүйгээр зохион байгуулж, архинаас татгалзах, улстөрчдийн санхүүжилтээс татгалзах зэргээр шинэ соёл, хандлага бий болгохыг хичээж байна.
Мэдээллийн хэрэгслүүд, хувь сэтгүүлчид болгон үүн лүгээ адилаар зөв соёл бий болгох, хэвшүүлэхийн төлөө зүтгэх юм бол манай салбарын нэр хүнд, нөлөө улам бүр өсөх болно. Цахим сэтгүүлзүйд профессионализм бий болгох хэрэгцээ, шаардлага, цаг үеийн захиалга нэгэнт байна.
Шинэ соёл, шинэ стандарт, шинэ үнэт зүйл дан ганц цахим сэтгүүлзүй төдийгүй, үндэсний сэтгүүлзүйд бүхэлд нь хэрэгтэй байна. Үүнд цахим сэтгүүлзүйн салбарт ажиллагсад анхаарал хандуулж буйн нэг илэрхийлэл нь энэ форум юм. Энэ форум дээр та бид тодорхойгүй байгаа олон асуудлыг тодорхой болгож, хариулт нэхэж буй олон асуултад хариулах учиртай. Цахим сэтгүүлзүйн дүрэм болсон бодлогын баримт бичиг боловсруулан гаргах ёстой. Ингэж байж л үр дүн гарна.
Монголын сэтгүүлзүйн хууль эрхзүйн зохицуулалтын өнөөгийн байдал тун муу байна. Сэтгүүлчид бичсэн мэдээллийнхээ төлөө шоронд орох вий, эрүүгийн хариуцлага хүлээх вий, эдийн засгийн хохирол хүлээх вий гэсэн айдас хүйдэстэй амьдарч байна. Энэ салбарт хөрөнгө оруулагчид өмчөө алдах вий, бизнесээ хаалгах вий гэсэн айдастай байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулчихаад ажилтнуудаа өлөн зэлмэн төдий тэжээгчид бас байна.
Цахим сэтгүүлзүйд профессионализм бий болгох хэрэгцээ, шаардлага, цаг үеийн захиалга нэгэнт байна.
Монголын сэтгүүлчид юунаас татгалзах ёстой вэ? Улстөртэй цус холилдохоос татгалзах ёстой.Монголын улстөр, сэтгүүлзүй хоёр өвөр түрийдээ орж янаглаж амраглахаас татгалзах ёстой.Амьдрах чадваргүй, өөрийгөө аваад явж чадахгүй нууц амрагийн гунигт тавилан Монголын сэтгүүлзүйд хэрэггүй. Харин төрийн сайн хамтрагч, алдаа оноог нь шудрагаар хэлж хазайхад нь тулж, хальтрахад нь түшдэг сайн анд нь манай сэтгүүлзүй байх ёстой.
Төр нь эргээд сэтгүүлзүйгээ хүчтэй, мэргэжлийн, ёсзүйтэй, санхүүгийн эрх чөлөөтэй, хараат бус байхад нь туслах ёстой. Ийм шинэ соёлыг бий болгохын төлөө явцгаая. Төр хэвлэл хоёрын харилцааны тухайд бид өмнө нь баримталж ирсэн зарчмаа эргэж хармаар байна. Монгол Улс, Монголын ард түмэн гэсэн нийтлэг эрх ашгийн төлөө бид зөв зүйл дээр төрөө дэмжиж, бурууг нь шүүмжлэн засуулах ёстой.
Мэргэжлийн бус байдлаас татгалзах. Ухаалаг бус өрсөлдөөнөөс татгалзах ёстой. Зэрэг зэрэг сонин, сайт гаргаж, ижил төстэй бизнес эрхэлж, хэн нь ч дэвждэггүй байдлаас татгалзаж, нэгдэх хорших, илүү хүчирхэг болох гаардлага байна. Мэргэжлийн анд нөхдийн эв нэгдлийг эрхэмлэн зах зээлийнхээ багтаамжид нийцсэн чансаатай цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болохын төлөө одооноос бид хичээмээр байна.
Бидний, Монголын сэтгүүлчдийн тугаа болгох, эрхэмлэн дээдлэх гурван зүйл бол профессионализм, мэргэжлийн ёсзүй, нийгмийн хариуцлага юм.
Интернэт бол хил хязгааргүй боломж. Интернэтэд суурилсан сэтгүүлзүй бол манай салбарын ирээдүй. Тиймээс бид алсыг харж, цахим сэтгүүлзүйн гараагаа зөв эхлэж, сууриа зөв тавих ёстой. Үүнд өнөөдрийн форум түлхэц болоосой гэж хүсч байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
2015.05.01. Монголын цахим
сэтгүүлзүйн анхдугаар форум дээр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын тавьсан илтгэл