Хүүхдийн төлөө үндэсний газрын мэдээллээр 2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт хүүхдийн асрамж, халамжийн нийт 33 төвд 1015 хүүхэд асруулж байгаа аж. Тэгвэл 33 асрамжийн төвийн гурав нь улсынх, бусад 30 нь гадаад дотоодын хувь хүн, компани, буяны байгууллага хариуцан ажиллуулдаг байна. Эдгээр асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалт судалгааг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн байна. Шалгалтаар Кристина Нобелийн сангийн санхүүжилтээр ажилладаг “Нархан” төв нь гэр хороололд байдаг бөгөөд тухайн газар нь мөнх цэвдэгтэй учир асрамжийн төвийн гэрүүдийн халаалт хангалтгүйгээс хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн байна. Мөн “Манай гэр-1”, “Гайхамшигт тусламж” төв өөрийн өмчийн байргүй, бусдын байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйд тохирсон орчин бий болох боломжгүй гэж үзсэн байна. Асрамжийн төвүүдэд нийтлэг илэрсэн бас нэг томоохон зөрчил нь хүүхдүүдийг товлосон эмчийн үзлэгт хамруулдаггүй, эмийн санд нь хугацаа дууссан, нэр төрөл нь тодорхойгүй эмүүд байсан явдал аж. Шалгалтаар хугацаа нь дууссан Clotri denk, Assure platinum-цусан дахь глюкоз хэмжих тест, хугацаа нь тодорхойгүй Мезим-форте, USOSAN, Фуросимид 40 мг, Kettotifen зэрэг нэр нь тодорхойгүй 11 төрлийн эм илэрснийг устгажээ.