Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан 2013 оны Засгийн газрын 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/161 дүгээр захирамжаар “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг анх удаа зохион байгуулж 17 мянган хүнийг хамруулж байсан. Энэхүү олон улсын гүйлт нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа үйл ажиллагаа юм.
Харин эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар марафон 2015 олон улсын гүйлтийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатар марафон 2015 нь өсвөр залуу үеийнхэн өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болоход чухал үүрэгтэй. Мөн бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэхэд гол зорилго нь оршиж байна.
Марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэн, их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид, нийслэл дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд зэрэг 30 гаруй мянган иргэнийг хамруулахаар бүртгэл ажил эхэллээ. Бүртгэлд Нийслэлийн биеийн тамир, спортын газарт өөрийн биеэр ирж болон www.ub-marathon.ub.gov.mn сайтар онлайнаар хамрагдаж болно. Энэ сарын 30-ны 17:00 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн иргэд зургадугаар сарын 5-ны дотор Нийслэлийн биеийн тамир, спортын газарт ирж энгэрийн дугаараа авч бүртгэлээ баталгаажуулна.
“Улаанбаатар марафон 2015”-ын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн биеийн тамир, спортын газар ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний олимпийн хороо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, “Ар Монгол Трэйвел” групп, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо ажиллаж байна.
Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа зургадугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт Чингисийн талбайд болно.
18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг хүмүүсийн дунд хагас марафон /21095 м/, бүтэн марафон /42195 м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулана.
Сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд зохион байгуулна.
5000 м
– 12-17, 18-35, 35-54, 55-аас дээш /Эрэгтэй, эмэгтэй зөвхөн сонирхогчдын дунд/
10000 м
-18-аас дээш нас /Эрэгтэй, эмэгтэй сонирхогчдын дунд/
1.5 км
-Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /Тэргэнцэртэй, хараагүй/
1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс 2000 төгрөг /зөвхөн энгэрийн дугаар/ эсвэл 15000 төгрөг /энгэрийн дугаар, футболк, малгай/ төлбөрийн хураамжаас сонголт хийх эрхтэй.
10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 15000 төгрөг төлнө. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй.
ЕБС-ийн сурагчид, хорооны иргэдийг үнэгүй бүртгэнэ.
Марафон гүйлтэд 3 байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Соёлтой найрсаг хотын эрүүл, спортлог иргэн байхын төлөө “Улаанбаатар марафон 2015”-д нэгдэцгээе…
Нийслэлийн биеийн тамир, спортын газраас гадна 9 дүүргийн спорт хороодын байранд бүртгэл явагдаж байна. Та бүхэн амжиж бүртгүүлээрэй
Холбоо барих: 88002737, 88013705, 99285651