ХХААЯ Дэлхийн банк хамтран “ Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого” сэдэвт семинар зохион байгууллаа.
Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулж буй “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг шинээр мөн “Хүнсний тухай” хуулийг шинэчлэн батлуулж, эдгээр хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 29 журам, зааврыг боловсруулан, 19 журмыг батлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү хуульд хүнсний аюулгүй байдлыг хангах зарчмыг тодорхойлж, хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаат байдал, түүнд тавих хяналт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид, төрийн бус байгууллага, хэрэглэгчийн эрх үүрэг, оролцоог шинэчлэн тодорхойлсон. Ингэснээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хэрэглэгчдэд учрах хохирлыг бүрэн хариуцах болж байгаа юм.” хэмээн онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банкнаас манай улсын хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд энд төрөөс улсын төсвөөр дамжуулан үзүүлэх дэмжлэг, судалгаа шинжилгээ нэвтрүүлэх үйл ажиллагаа мөн гадны зах зээл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг авч үзжээ.
“Монгол Улс хөдөө аж ахуйн салбараа шинэчлэн өөрчлөх арга зам бол бүтээмжийг дээшлүүлэхэд тулгарч буй орхигдсон орон зайг нөхөх, экспортлох бүтээгдэхүүнийг ноосноос чанартай махан болон сүүн бүтээгдэхүүн болгож төрөлжүүлэх шаардлагын үүднээс шинжлэх ухаан, технологийн салбарт тогтвортой хөрөнгө оруулах явдал юм” хэмээн Дэлхийн Банкны ХАА-н Хөгжлийн ахлах мэргэжилтэн Чарлз Аннор-Фремпонг хэллээ.