Монголчуудын амьдрал технологийн дэвшлээс төдийлөн хоцрохгүйгээр цахимжин, тэлж байна. Гэвч бид тэр болгоныг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг бил үү гэдэг асуултын тэмдэг хэвээр. Хоосон орон зай, дутуу үлдсэн хэрэглээг нөхөхөөр цахим хөтөч карт үйлчилгээнд нэвтрүүлж, зах зээлд гаргаад буй бизнес эрхлэгч, “Шинэ хороолол” ХХК-ий захирал Б.Эрдэнэжаргалтай уулзаж ярилцлаа.
-Хөтөч карт нь яг ямар учиртай бүтээгдэхүүн бэ? Хэзээнээс гаргаж эхэлсэн, мөн онцлог давуу тал нь юу вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Манай компани 2008 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хөтөч картыг 2013 оноос боловсруулан бэлдэж ажиллалаа. Зах зээлд гаргах болсон шалтгаан гэвэл өнөөгийн монголчууддаа танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, оюуны хэрэгцээ хэрэглээг нь ойртуулах юм. Өнөөдөр оюуны мэдээ мэдээлэлгүй, хэрэглээгүй амьдарч байгаа нь амьдарлын маань буруу хэв маяг. Үүнээс болж цаг хугацаа алдах, асар их мэдээллээс хоцрох, хүмүүсийн харьцаанд сөрөг нөлөө үүсэх талтай. Ялангуяа гэр бүлийн харилцаа, найз нөхдийн, албан байгууллагуудын, хамт олны харилцаа зэргээс үүдэж хөтөч карт боловсруулсан. Ядаж монгол түмнийхээ ёс заншлаас ард түмэндээ хүргэе гэсэн.
Хөтөч маань нэгдүгээрт, авто замын түгжрэлийг шууд харуулдаг. Хоёрт, тухайн байгууллагын байршил хаяг, мэдээ мэдээлэл зэрэг холбогдох бүхнийг нэг дор авах боломж олгодог. Тухайн байгууллагын зураг, видео бичлэг ч байсан дамжуулна. Түүнчлэн цаг агаар, валютын ханш, онцгой байдлын мэдээ мэдээлэл, ажлын зар, тендерийн шалгаруулалт, төрийн байгууллагуудын лавлах, Монгол Улсын хэмжээнд зарлагдсан хөнгөлөлтийн мэдээлэл “Хөтөч”-д бий. Энэ картны хамгийн гол давуу тал нь худалдаа, үйлчилгээний хөнгөлөлт. Яг одоо бид мянга гаруй байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа тул карт эзэмшигт маань одоогоор мянган байгууллагаас хөнгөлөлт авна гэсэн үг.
-Танин мэдэхүйн хувьд ач холбогдолтой гэж та хамгийн түрүүнд хэлсэн.
-Тийм ээ. Танин мэдэхүй дотор хүний мэдэж, ойлгож болох бүхий л агуулга контент бий. Монгол Улсын хөтөч л гэхэд эх орны маань талаарх мэдээ мэдээлэл, түүхийг агуулсан. Бүх дүүрэг, хороо 21 аймаг болон сумдын мэдээлэл, байгалийн үзэсгэлэнт газруудын дэлгэрэнгүй мэдээлэл, бидний бахархал болсон түүхт, алдартай хүмүүс гээд оюуны хэрэгцээнд зориулсан асар том мэдээллийн бааз. Яг үүнээс онцолж ярих зүйл маань үндэсний ёс заншил. Цаашдаа бид үндэсний лавлах, Монголын хөтөч болохыг зорьж байна. Хөтөч гэдэг бол мэдэхгүй бүхнийг зааж, тайлбарлаж өгдөг зүйл. Биднийг хүүхэд байхад ээж аав, том болоход эмээ, өвөө минь, сургуульд ороход сургуулийн багш хөтөч болдог шүү дээ. Үүн шиг бүх л насны хүнд, нас, хүйс харгалзахгүйгээр бүгдэд нь хөтөч болох зорилготой ажиллаж байгаа.
-Цахим хөтөч вэб хуудастай танилцаж байхад нэлээд олон хүнд хүрэх болов уу гэж бодсон хөтөч үйлчилгээ бол телевизийн шууд эфир дамжуулалт байсан?
-Дэвшилтэт үйлчилгээ шүү. Зөвхөн вэб хуудас гэлгүй телевизийн шууд эфирийг гар утсаараа ямар ч саад гацаагүй, маш өндөр хурдаар үзэх технологийн дэвшил юм. Дэлхий ертөнц дээрх хамгийн том давалгаа-ухаалаг гар утастай Цахим хөтөч карт маань шууд хосолж ажиллана. Урьд нь хөнгөлөлтийн ямарваа дискаунт, бонус картын үйлчилгээ зөвхөн уншигч машинд л ажилладаг байлаа шүү дээ. Харин одоо бараг хүн бүрт байгаа ухаалаг гар утас нь Хөтөч картны маань мэдээллийн дэлгэц болчихлоо гэсэн үг.
Энэ мэтээр хэрэглээ, хэрэгцээний хувьд тун хялбар, өөртөө маш олон төрлийн давуу тал агуулж байна. Түрийвч, хэтэвчинд л багтчих банкны карттай ижил хэмжээтэй боловч тэр дотор бүтэн номын сан байгаа гэж ойлгоход болно. Улсын хэмжээнд ажиллаж буй телевизүүдийн нэвтрүүлэг, замын хөдөлгөөний түгжрэлийг гар утсаараа харчихна гэдэг нь асар том мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг амь оруулж байгаа хэрэг. Жишээ нь, Монголын замын хөдөлгөөний удирдах газар олон арван камераар, өчнөөн олуулаа ажиллаад мэдээлэл дамжуулж байгаа ч одоог хүртэл бүх нийтээрээ, бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь үнэн. Мөн уламжлал, ёс заншлын чиглэлээр 50-иад эрдэмтэн, зөвлөх ажилладаг. Энэ хүмүүсийн насаараа хөдөлмөрлөсөн оюуны бүтээл энэ жижиг картан дотор бий. Хүмүүс энэ картны дотоод баялгийг өөрсдөө зөвөөр харвал мөнгөөр хэмжихэд ч хэцүү, их үнэ цэнэтэйг ойлгоно. Ийм том баялгийг бид хамгийн боломжит, хамгийн бага төлбөрт шилжүүлээд 20 мянган төгрөгөөр худалдаанд гаргасан. Энэ үнийг жилийн 365 хоногт хуваахад өдөртөө 54 төгрөгийн үйлчилгээ авна гэсэн үг. Ийм мөнгөөр наймаа хийе гэвэл ширхэг хадаас л авах биз.
-Өргөн хэрэглээний картыг би 20 мянган төгрөгөөр авчихлаа гэхэд ашиглахад ямар нэг хүндрэл гарах болов уу. Надад заавал ухаалаг гар утас хэрэгтэй юу?
-Ухаалаг гар утасгүй байлаа ч компьютер, интрнэтэд холбогдсон хүн хэрэглэж болно. www.khutuch.comвэб хуудсанд хандаж карт дээрх нууц кодоо оруулаад л бүх мэдээлэлд төвөггүй нэвтэрч болно. Та урьд нь цахим ертөнцөд ажиллаж үзээгүй хүн ч байсан бэрхшээлгүй. Хөтөч гэдэг үгээ мэддэг л бол бүх зүйл монгол хэл дээр учраас төөрөх, будилах юмгүй. Гол нь хэрэглэе гэж шийдээд, хүссэн байхад хэрэглээ тал дээр нь манай компанийн хамт олон хөтлөөд ажиллана, бүгдийг тооцоолсон. Одоогоор бид картаа монгол, англи, орос, уйгаржин монгол бичгээр хэрэглэх боломж байна. Зөвхөн монголчуудад биш гадаад иргэд, жуулчдад, Оросын халимаг, тува, буриадууддаа бас өвөрмонголчууддаа зориулсан хэрэг. Яагаад гэвэл Монгол орны маань нүүр царай хаана, хэнд, яаж хүрэх нь орчуулагчийн л чадвараас шалтгаалдаг шүү дээ. Тэгвэл одоо танин мэдэхүй, үйлчилгээ, зааврын маш жижиг мөртлөө маш том хөтөчтэй болж байна.
-Картын хувьд тодорхой хөнгөлөлт багтаасан гэлээ. Ямар, ямар байгууллага хэдий хэмжээгээр урамшуулж хөнгөлөх боломжтой вэ?
-Бид мянга гаруй байгууллагатай гэрээтэй гэсэн дээ. Одоо нэмж бусад байгууллагатай гэрээ хийгээд явж байна. Ер нь Монголын ТОП аж ахуйн нэгжүүдтэй бүгдтэй нь гэрээ байгуулах нь бидний ойрын зорилго. Гэрээнээс гадна хөнгөлөлтийн систем дээрээ маш анхааралтай ажиллаж байгаа. Нууцлалаа баталгаажуулж, аль ч талдаа ямарваа үл ойлголцол үүсгэхгүй байхаар хичээж ажиллаж байна.
-Карт эзэмшигч хүн аль байгууллага дээр очиход “Хөтөч”-өөрөө хэдэн хувийн хөнгөлөлт авах вэ гэдгээ яаж мэдэх билээ?
-Хөтөч карт маань мэдээллээ өөр дээрээ байнга агуулж байгаа. Жишээлэхэд, гар утсаараа уншуулахад л хүссэн үйлчилгээнийхээ мэдээллийг харна. Тэр бүрийн дор тухайн карт эзэмшигч хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойг илтгэсэн тэмдэглэгээ байгаа. Ерөнхийдөө 1-100 хувь хүртэл хөнгөлөлт бий. Онгоцны билетийн касс гэх мэт сая төгрөгөөс илүү мөнгөн дүнтэй үйлчилгээнд нэг хувь хөнгөлөх жишээтэй. Эдгээрийн хувьд их мөнгөнөөс багахан ашиг гардаг тул том хөнгөлөлт одоохондоо бэрхшээлтэй байгаа юм. Харин 100 хувь хөнгөлөх байгууллагуудад эрүүл мэнд, авто үйлчилгээний байгууллага. Мөн зөвлөгөө үнэгүй байгаа. Хэрэглээ талаас нь тооцвол дундаж хөнгөлөлт 5-20 хувь юм. Зарим байгууллага 30 хүртэл хувийн хөнгөлөлттэй болгоё гэж санал тавьдаг. Гэвч хэт өндөр хөнгөлөхөөр тэр бизнес их үнэтэй юм уу, эрэлт багатай эсвэл ямар нэг алдаатай л байна уу гэж эргэлзэхэд хүргэдэг. Өргөн хэрэглээ, өдөр тутмын худалдааны тухайд тавхан хувийн хөнгөлөлт гэхэд л чанга болчих нь бий. Супермаркетуудад таван хувь өндөр байхад гурван хувь болчихоор давгүй. Угаалгын газрууд ч бидэнд 30 хүртэл хувийн хөнгөлөлт санал болгодог. Түүгээр нь хийчихээр иргэд өдөр бүр угаалгаад ирвэл хэцүү дээ. Эргээд бизнесээ татаж унагах, эрсдэл өндөртэй болохоор аль болох хөнгөлөлтөө бодитой болгохыг хичээж, гэрээндээ тусгадаг. Тухайн байгууллага маань явцын дунд хөнгөлөлтийн хувиа өөрчлөх эрхийг нээлттэй олгож байна. Карт маань цоо шинэ бүтээгдэхүүн болохоор зарим хүн сайн ойлгодоггүй талтай. Гэвч ойлгосон хүмүүс нь маш баяртай байгаагаа хэлдэг. Эрдэмтэд ч маш сайхан хүлээж авсан.
-Бүтээгдэхүүн үйлчилгээгээ түгээе, хөтөч карттай хамтаръя гэвэл байгууллагуудад ямар боломж байна вэ?
-Фэйсбүүк болон твиттерээр манай мэдээлэл байнга гарч байна. Мөн дөрвөн телевизээр реклам сурталчилгаа, нэвтрүүлгээ тогтмол гаргадаг. Мөн Монголын Залуучуудын Холбоогоор дамжуулж бидний талаар мэдээлэл авч болно. Бүх лавлахаас асуухад мэдээлэл өгөх болно. Хамтрагч байгууллагадаа бид ямар давуу тал санал болгож байгаагаа хэлье. Маш хямд нөхцөлөөр телевизийн реклам сурталчилгаа хийх боломжтой, сошиал, цахим маркетингийн сургалт зөвлөгөө, мэргэжлийн компаниудтай холбогдох боломж бий. Шаардлагатай үйлчилгээгээ хамгийн боломжийн үнийн саналтай авч болно. Хууль эрхзүй, санхүү, маркетингийн сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдана. Мөн цахим хөтөч сайтаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зураг, шошго, бичлэг, рекламаа байршуулан түгээж болно.
Одоохондоо бид хамтарч ажиллая гэсэн аж ахуй нэгж, байгууллагуудад нээлттэй байгаа боловч цаашдаа хумина. Яагаад гэхээр хэт олон байгууллагатай гэрээ байгуулаад, бүх газар хөнгөлдөг болчихвол карт эзэмшигчдийн хүртэх өгөөжийн чанар муудна. Хамтарч ажиллах байгууллагуудад тавих шаардлага гэвэл үйлчилгээ нь жигдэрсэн байх, тодорхой бүтээгдэхүүний чанар үйлчилгээг нь харна. Түүнчлэн шинэ залуу байлаа ч бидэнтэй холбогдоод ярилцаад үзэх хэрэгтэй гэж онцолж хэлье. Өнөөдөр бид мянга гаруй байгууллагынхаа захирлуудыг хооронд нь найз болгох хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жил бүрийн 1-5 сар хүртэл их, бага хэмжээний хямрал хаа хаанаа тохиолддог учраас салбар бүрийн мянган байгууллага бие биеэсээ үйлчилгээ авч байя гэдэг санаачилга. Энэ ажил маань үр дүнтэй яваа. “Хөтөч картын хэрэглэгч” гэх агуулгатай гэгээлэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цаашилбал хэрэглэгчдэдээ зориулсан том шоу хийхээр төлөвлөсөн.
-Хувь хүн, судлаач ч гэдэг юм уу залуус, ахмадууд энэ их дажгүй мэдээлэл байна, танайд байршуулъя гээд ирвэл ямар байдлаар хамтрах боломжтой вэ?
-Бидэнтэй аль ч сүлжээгээр холбогдох боломжтой. Цаашид онлайн лавлахтай болъё гэж төлөвлөсөн. Энэ лавлах маань, бүх төрлийн асуултад нээлттэй хариулахаар байна. Улс төр, шашин шүтлэг, гоо сайхан, спорт, эрүүл мэнд, эдийн засаг гээд хариу эрсэн бүхнээ олж болохоор. Хэрэглээнд нэвтрэхэд бас л их цаг хугацаа туулах байх.
Хүн нь үзсэн харсан зүйлээрээ бодож, сэтгэж амьдардаг. Тиймээс түүнд юм ойлгуулахын тулд бүх л зүйлийг бүр эхнээс нь тайлбарлах хэрэгтэй. Дараа нь түүнийгээ хэрэглээ болгоно. Монгол гэр бүлийн дэг жаяг гэхэд асар том сэдэв. Салалт маш их байгаа нь хууль дүрэмгүй байгаатай холбоотой. Оюунлаг хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн л үр дүн. Жишээ нь, ерөөл магтаал гэдэг булангаас мэдээллээ аваад найзынхаа хуриман дээр очиг л дээ. Хуриман дээр хуримын магтаал, ерөөлийн жинхэнэ үгийг хэлчих хэрэгтэй. Хүүхдийн үсний найранд очихдоо ч хэдхэн мөр магтаалыг нь оноод хэлчихэд хангалттай. Бид ийм л байсан, одоо ч ийм байж чадна. Манай дууны санд мянга гаруй дуу байгаа. Түүнээс сонгоод л аяны дугарааг гурав байтугай тойрч болно.
-Танай байгууллагын цаашдын зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс хуваалцвал?
-Монголчуудыг зөв хэрэглээтэй болгож, оюуны болон эд материалын бүх төрлийн хэрэгцээг хангаж, зөв хэрэгцээтэй болгох зайлшгүй шаардлага бий. Ингэхгүйгээр бидний нийгэм, үндэсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний байгууллагууд гацаад цоож нь ерөөсөө тайлагдахгүй болчихлоо. Мөн өндөр мэргэжил, боловсролтой хүмүүсийн мэдлэг, чадварын хэрэглээ нь манай орны томоохон байгууллагуудад ч төдийлөн гарч өгөхгүй байгаа. Бүх юмны түгжээ зангилаа тайлагдахгүй, цөмөөрөө эзэмшсэн өндөр мэргэжлийнхээ ашгийг гаргаж чадахгүй байгаа нь хүний биеэр цус урсахгүй байгаатай л адил. Үүний учир зангилааг тайлах хөтөч болъё л гэсэн. Монгол Улсын хөтөч болно.
Манай байгууллага бол 20-26 хүний бүрэлдэхүүнтэй, түүний цаана 50-иад эрдэмтэд бий. Ард түмэн бүх зүйлийг сайн мэддэг. Жишээ нь хүүхдийн хөтөч гэхэд л хүүхдийг маш олон үе шаттайгаар хүмүүжүүлэх мэдээлэлтэй. Зөв хоол, хүмүүжлийн суурь гээд бүх зөвлөгөө бий. Хүний хэрэгцээ хэрэглээ ч мөн адил удамшдаг. Үүнийг судлаад задлаад үзэхээр энгийн юм шиг атлаа маш нарийн шүү. Үндэсний ёс заншил гэдэг бол маш чухал. Үүнийг хүмүүст зөв ойлгуулах хэрэгтэй, бүр үнэгүй мэдээлэл байх ёстой. Дэлхийг эзэлсэн оюун ухаант хүмүүс боловч бидний ёс заншил устахад 10 жил л үлдээд байна уу даа гэж хардаг. Учир нь бидний аав, ээжийн үеэс л үндэсний ёс заншил тасарч эхэлсэн. Өнөөдөр 75-аас дээш настай ахмадууд л заншлаа мэддэг. Түүнээс залуужаад ирэхээр эргэлзээтэй шүү. Боловсролын системд үүнийг бүрэн тусгаагүй. Одоо бид эх орон, уламжлал соёлоо яриа биш хэрэглээ болгож гаргаж ирмээр, сэргээмээр байгаа юм.
-За танд их баярлалаа. Амжилт хүсье.