Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтын мэдээлснээр, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүвтэр, нутгийн хойд хэсгээр бага зэрэг цас орох юм байна. Цаашид баруун болон төвийн нутгаар баруун талаас бага зэрэг хур тунадас орох төлөвтэй аж. Энэ сарын 9, 10-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орох бол 12-ноос ихэнх нутгаар дулаарах төлөв ажиглагдаж буй юм байна.
Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орох аж. Салхи Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, маргааш ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна. Энэ сард дуу цахилгаантай бороо ихээр орж болзошгүй байгаа тул Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэддээ анхаарууллаа.