Ардын хүүхэд ялах уу, Олигархууд булаах уу?

man3МАН-ын түүх зузаан. Энэ намд гавьяа их бий, нүгэл ч бий. Гэхдээ Ардын намд Монгол төрийн хар хайрцагны бодлого оршиж байгаа гэдгийг гадна дотны улс төрчид, судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас улс төрийн тулхтай хүчин гэдэг тодорхойлолтыг онцгойлж МАН эзэмшдэг. МАН дотроо бужигнахад улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд доошилдог. Эвлэлдэн нэгдсэн МАН-ын үед л Монголын эдийн засаг сэргэж, хүн зоны нуруу тэнийдэг.

Тиймээс л Ах нам үе, үе дотооддоо дайтах нь Монголын хувьд хамгийн том эмгэнэл гэлтэй. МАН дотор үүссэн хамгийн том хагарал хэмээгддэг Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, С.Баяр нарын тэмцэл намаа хоёр хувааснаар намжсан. 50-иад оныхны дайн ч гэж МАН дотор албан ёсоор нэрлэдэг. Н.Энхбаярын эхлүүлсэн нам доторхи нэг хүний дарангуйлал, нэг хэсэг олигархуудын даврал, төрөөс төрсөн тэрбумтнуудын хийрхэл, авлигачдын хаанчлал энэ намыг түүхэнд байгаагүйгээр дорд оруулж, хагалан бутаргасан нь хэтэрхий гашуун үнэн юм. Одоо ч 50-иад оныхны хагарал тэмцлийн манан сарнилгүй, харин ч Монголын улс төрд өөрсдийн үүргийг “ёс төртэй” гүйцэтгэсээр байна.

Тэгвэл яг одоо Ардын намд 1970, 1980-аад оныхны хооронд эрх мэдэл, сандал ширээний төлөөх цусгүй дайны шинэхэн гал цогшиж эхэлжээ. МАН-ын дэргэд НАМЗХ нэртэй залуучуудын байгууллага бий. Эгнээндээ 70 гаруй мянган гишүүдийг нэгтгэсэн энэ холбоог өнөөдөр “Хэн атгах вэ” гэдэгт хэрүүлийн нууц оршиж байна.

70-аад оныхон буюу Олигархуудын шинэ үе

Өнгөрсөн өвлөөс МАН дээр НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг түлхэн унагаах хөдөлгөөн өрнөсөн гэх мэдээлэл хэвлэлээр армаг тармаг цацагдаад эхэлсэн. Толгойлогч нь түүний хамгийн дотны нөхөр Н.Номтойбаяр байсан нь одоо нэгэнт ил болжээ. “Төгсөх гээд завгүй гүйж явахад миний найзууд гайхалтай сюрприз барилаа даа” гэсээр Америкаас ирсэн Б.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны 7-р бага хурлаар албан тушаалдаа үлдэж, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Н.Номтойбаяр тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр асуудал нэг тийш шийдэгдлээ гэж олон нийтэд ойлгогдсон. Ардын нам ч ингэж тайлбарласан. Гэвч энэ бол хоёр үеийнхний хооронд үүссэн хагарлын төгсгөл биш эхлэл байжээ.

Харвардын их сургуульд намын даалгавар, нөхдийн итгэлээр мордсон Л.Оюун-Эрдэнэ эргэн ирнэ гэдэг бол МАН-ын “шинэхэн томчуудад” тийм ч таатай хүлээлт байгаагүй аж. Өдгөө 35 настай энэ залуу НАМЗХ-ны даргаар улиран сонгогдох магадлал хамгийн өндөр байна. Харвардыг бүтэн курсээр төгсөөд ирсэн улс төрч МАН-д битгий хэл Монголд цөөхөн. Энэ хүний олж авсан эрдэм боловсрол, карерыг одоо л ашиглахгүй юм бол хэзээ ашиглах юм. МАН ашиглахгүй юм бол хэн ашиглах юм. Нэг хүнийг хүсэмжлэн хүлээсэн ийм нэг уур амьсгал Ардын нам дотор, тэр дундаа залуучууд дунд аяндаа үүссэн нь “томчуудынхаа” эгдүүг хүргэсэн бололтой. Энд дурьдаж байгаа “томчууд” гэдэгт Ардын намын жинхэнэ лидерүүдийг нэрлэж буй хэрэг биш бөгөөд  МАК-ийн босс Нямтайширын хүү Номтойбаяр, ГОК-ийн захирал асан Ганзоригийн хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Энхтүвшингийн хүү бөгөөд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн хүргэн Э.Золбоо, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг гэсэн тэрбумтан залуучуудыг багтааж байгаа хэрэг. Ядуу айлын хэдэн бацааны туган доор дахин жагсах хүсэл тэдэнд байгаагүй биз. Л.Оюун-Эрдэнэ уг нь тэднийг бүгдийг нь НАМЗХ хэмээх байгууллагад урьж, өнөөдрийн байр сууринд нь дэвшүүлснийг олон нийт мэднэ. Үндэстэн дамнасан, нам дамжсан олигархууд, тэднийг даган баясах мөнгөчингүүдэд ядуусын удирдлагад ажиллана гэдэг бол доромжлол байж мэдэх юм. Тиймдээ ч, Л.Оюун-Эрдэнийг ирэхээс нь өмнө ар хударгаар нь “нухах” санаачилга өрнүүлсэн байж таарна. Гэвч өнөөх хөдөөний “мангаа” дарагдсангүй. Харин ч Харвардад нэг ангид тохой нийлүүлсэн найман улсын лидер залуусыг дагуулан ирж, төрийн томчуудтай уулзалт семинар, хурал цуглаан хийж “дамшиглав”. Улмаар бага хурлаараа Н.Номтойбаярыг “нидрэв”. Одоо олигархуудын хүүхдүүд, тэдний гар хөл бологсод хаачих вэ? гэдэг асуулт урган гарч ирлээ. Мөнгөө үүрээд гэртээ харих уу, эсвэл…

 

1980-аад оныхон буюу “Ядуусын” арми

Өнгөрөгч 7-р бага хурлаар Ганзоригийн Тэмүүлэнг НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Тэрбээр энэ албан тушаалд хэн нэгэнд тал тохой татахгүй, төвч байр суурьтай байх үүргийг хүлээн сонгогдсон байна. Гэвч сонгогдсоныхоо маргаашнаас үеийн залуустаа мөнгөлөг “салаавчаа” соёлтойгоор үзүүлэх болсон гэнэ. Учир юу хэмээвээс, НАМЗХ-ынхон Удирдах зөвлөлийн гишүүдээ чөлөөлж, 6-р сард болох 5-р Их хуралдаа бэлтгэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Гэвч ажлын хэсгийн 11 хүн хоёр талцан хэрэлдэж, ойлголцолд хүрэхэд бэрх болсон байна. НАМЗХ-ны дүрмээр 35 нас хүрсэн бол энэ холбооны гишүүнээс автоматаар хасагдах ёстой аж. Гэвч Г.Тэмүлэн тэргүүтэнгүүд холбооныхоо дүрмийг өөрчилж, насны босгыг 40 болгохоор зүтгэж буй ажээ. Нэгэнт 40 настай сонгогдсон бол 44 хүртлээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх нь холбооны дүрмээр нээлттэй юм байна. Тэгэхээр дүү нараасаа аль эрт үе мултарсан Н.Номтойбаяр нар 44 хүртлээ НАМЗХ-д данстай явахыг хүсч буй бололтой. Ингээд бодохоор манай улсын Ерөнхийлөгч бол хар нялхаараа сонгогддог болж таарах гээд байгаа биз дээ. Эсвэл өтөлж өгдөггүй, үхэж дуусдаггүй баахан өвгөжөөр залуустай орон болж хувирах нь.

Тэд сая Л.Оюун-Эрдэнийг зайлуулж чадаагүй учраас холбооныхоо дүрмийг өөрчилж, сүүлчийн аргаа хэрэглэхээр чармайж буй нь илт. НАМЗХ бол тэдний хувьд хөрөнгө мөнгөтэй газар биш. Гэхдээ энэ холбоог атгаж сууснаар залуучуудын дэмжлэгийг өөртөө татаж, улс төрд илүү их эрх мэдэл олж авч чадна гэсэн тооцоо тэдэнд байгаа бололтой. 2016 оны сонгуульд МАН ялбал НАМЗХ-ны удирдлагууд албан тушаал эрх мэдлийг гартаа оруулна гэж тэд тооцжээ. Хэрвээ ялагдвал МАН-ын дарга нарыг түлхэж өөрсдөө удирдлагыг гартаа авна гэсэн яриа ил далд цухалзаад эхэлсэн байна. Мөнгөтэй хүний санаанд орчлон тэр аяараа багтдаг гэдэг энэ аж. Гэвч ийм бодолтой хэсэг бүлэг залуусын адгуу хүслийг МАН гүйцэлдүүлэх нь юу л бол. Хэрвээ тийм түүх бичигдвэл МАН уугуул нэрээ дахин сольж, МОН болж хувирах нь. Ардын нам биш жинхэнэ утгаараа Олигархиудын нам болно. Тэгвэл Монголын улс төрийн ууган хүчин хоёр биш, гурав сална гэсэн үг.

 НАМЗХ-г хэн удирдах вэ?

Ирэх сарын 18-нд болох НАМЗХ-ны их хурал жинхэнэ утгаараа цусгүй дайны талбар болох нь ойлгомжтой болов. Олигархуудын толгойлогч Н.Номтойбаярын хувьд 37 настай “өвөө”. Тэр дүрмээ өөрчилж, ерөнхийлөгч болох захиалгыг фракцидаа өгчээ. Хэрвээ насны босгыг 40 болох санаархал нь унавал орондоо ГОК-ийн захирал асан Г.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэнг нэр зүтгүүлэхээр тохироод байгаа аж. Тэд одоо хөдөө хотгүй жижиг албан тушаал, том мөнгөний үер буулгаж санал худалдаж авах аян өрнүүлсэн гэх мэдээлэл тарж эхэллээ.

Харин тэдний эсрэг Л.Оюун-Эрдэнэ хэрхэн зогсох нь сонирхол татаж байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд холбоогоо МАСЗХ нэртэй байхад нь 1999 онд гишүүнээр элсч, 2009 онд холбооны ерөнхийлөгч болохдоо одоогийн нөхдөө урьж оруулсан аж. Түүнийг хэдэн чемодан номноос өөр юутай ирэхэв дээ гэх ёж үг МАН дээр гарчээ. Үнэхээр түүнд улс төр хийх мөнгө байхгүй биз. Гэхдээ эрх мэдлээс илүү улс орны эрх ашиг, мөнгөнөөс илүү үнэт зүйлийг энэ залуу тархиндаа тээгээд явж байж мэднэ. Олигархуудад худалдагдахгүй Л.Оюун-Эрдэнийг дэмжих залуус илүү олон ч байж мэднэ. НИТХ-ын МАН-ын  бүлгийн дарга Д.Амарбаясгалан, Шадар сайдын зөвлөх Б.Бат-Эрдэнэ, Ё.Нямжав, Н.Энхбаатар, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч  Б.Асралт, НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, ШУТИС-ийн проректор асан  Г.Дамдинням, Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Худалдаа Хөгжлийн банкны дэд захирал   Л.Соронзонболд,  “Монгол Шуудан” ТӨК-ийн дэд захирал асан Л.Нямбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл, “Мэтгэлцээн” клубын захирал Б.Пүрэвсүрэн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр гээд залуусын нэр түүнийг дэмжиж байгаа гэж дуулдав. Ер нь Л.Оюун-Эрдэнийг орон нутгийн гишүүд нь 100% дэмжиж байгаа гэдгийг намынхан нь ярьж байгаа юм.

Магадгүй, ардын хүүхдүүд намдаа үлдэж, олигархууд “байрандаа” очиж МАН цэвэрших нэгэн түүхэн боломж нь энэ цаг үе байж мэдэх юм.

Д.Сүх

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …