2000 оны дундуур “Глобал удирдагч” сан гэдэг нэр олон нийтэд танил болж энэ сангийн залуус үе үе бидэнтэй цэнхэр дэлгэцээр уулздаг болсон. Англи хэлтэй хүүхэд бүрийг АНУ уруу тэтгэлэгтэй сургана гэдэг тухайн үед тийм ч ойр сонсогдоогүй. Гэсэн ч 2005 оноос хойш тус сангийн нэрээр Монголын 2500 орчим хүүхэд, залуучууд АНУ-д суралцжээ. Өөрчлөгдөн хувьсаж байгаа даяарчлалын нийгэмд өрсөлдөх чадвартай залуусыг боловсруулж бэлдэх зорилгоор байгуулагдсан тэрхүү сан өдгөө “Глобал удирдагч” дээд сургууль болтлоо өргөжин тэлжээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат саяхан Харвардын Их сургуулийн Кеннидийн Төрийн удирдлагын сургуулийн Төрийн захиргааны удирдлагын төрийн менежментийн магистрын хөтөлбөрт явахаар болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тус хөтөлбөрт өмнө нь манай улсаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гэсэн хоёр хүн суралцаж төгссөн байдаг. Энэхүү нэр хүндтэй, босго өндөртэй сургуульд хэрхэн тэнцэж, монголын хүүхэд залуучуудыг мэдлэг боловсролоороо дэлхийн тавцанд өрсөлдөх сайхан үйл хэргийн эхлэлийг тавилцсан Б.Отгонбат гэх өөдрөг, эрч хүчтэй залуутай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Глобал удирдагч сангийн Б.Отгонбат гэдгээр нь хүмүүс таныг танина. Гэхдээ хаанахын, хэний хүүхэд гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй байх?
-Намайг Бархүүгийн Отгонбат гэдэг. Миний аав Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул хүн. Аав маань барилгын инженер мэргэжилтэй, яруу найрагч хүн байдаг. 3 нь ч шүлгийн ном гаргасан. Ээж маань Ш.Алтанцэцэг гэж эдийн засагч мэргэжилтэй хүн бий. Аав ээж хоёр маань, нэг нь МУИС-ын Барилгын инженерийн сургуулийг, нөгөө нь МУИС-ын Эдийн засгийн сургуульд суралцаж байхдаа танилцсан юм билээ. Аав маань Архангайн Эрдэнэмандалынх, ээж Дорнодын Баян-уулын бүсгүй байсан. Монголын хоёр хязгаараас ирээд танилцаж гэр бүл болсон ийм хүмүүсийн дундаас би төрсөн. Би эцэг эхээс тавуулаа, хоёр ах нэг эгч, доороо нэг дүүтэй. Аав, ээж маань намайг отгон болгоно гэж байсан чинь би доороо дүү дагуулсан юм байна лээ /инээв/. Ийм л энгийн айлд өсөж төрсөн дөө.
-Танайх хаанахын айл байсан бэ?
-Би Улаанбаатарын уугуул. 5 настайгаасаа эхлээд л Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд амьдарч байна. Нийслэлийн 1 дүгээр төрөхөд төрж, Улаанбаатарт өссөн хүүхэд. Мэдээж аавыгаа дагавал Архангайн Эрдэнэмандалынх гэж ярих байх. Гэхдээ Улаанбаатарт төрж өссөн болохоор миний гэр Улаанбаатар гэж ярих дуртай. Бараг л Улаанбаатар хотын нутгийн зөвлөлд байх л ёстой хүний нэг дээ.
-Таны тухай мэдээлэл хайхаар гэр бүлийн чинь хүний тухай мэдээлэл олдоогүй. Магадгүй боловсролын хувьд ийм чадамжтай хүний эхнэр ямар хүн байдаг бол гэж уншигчид сонирхож байж болох юм?
-Миний эхнэр Ж.Билгүүн гэж бүсгүй бий. Эхнэр бид хоёр 3 настай нэг хүү, сая нэг сарын 3-нд төрсөн нэг охинтой. Би хүү, охин хоёртой азтай хүн. Эхнэр маань АНУ-д коллеж төгссөн. Манай хөтөлбөрөөр явж байсан 2500 оюутны нэг нь байсан. Хамгийн царайлаг, хамгийн гоё бүсгүйг би эхнэрээ болгож авсан даа. Би өөрөө 36 настай, эхнэр маань надаас 3 дүү, санхүү нягтлангийн мэргэжилтэй эмэгтэй байдаг. Одоо “Глобал удирдагч” дээд сургуулийн Санхүү эрхэлсэн дэд захирлын албыг хашдаг. Миний эхнэр олны танил биш, эгэл жирийн эмэгтэй. Би тийм ч байгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл улс төрч хүний ар гэр гэдэг бол тулга түшигтэй, сайн байх ёстой. Тэрнээс биш хоёулаа зэрэгцээд савлаад байвал зовлонтой санагддаг.
-Таныг АН-ын тэр дундаа, С.Баярцогтын хүн гэж улстөрд ярьдаг. Би танаас яагаад заавал АН-ыг сонгов гэж асуухгүй. Мэдээж жижүүрийн хариулт хэлэх байх гэж бодож байгаа учраас. Харин яагаад нам, улс төрийг сонгов? Та мэргэжил боловсролоор дутахгүй, бизнес ч юмуу, өөр салбарт хүчээ үзэх сонирхол байгаагүй гэж үү?
-Миний бүр нэг натур дотор нийгмийг өөрчилье, маргаашийн Монголыг өнөөдрөөс сайхан болгоё гэдэг тэмүүлэл байнга байж байдаг. Миний хийж байгаа зүйлд ч энэ үзэл гүн гүнзгий шингэсэн байдаг. Миний энэ хүсэл тэмүүлэл дан ганц боловсрол ч юм уу, бизнесийн салбарт байна гэдэг чамлалттай санагддаг. Ер нь бол би хэт дуугай байж чаддаггүй хүн л дээ. Улс төр хийх гээд байгаа шалтгаан нь заавал улс төрийн намаар, улс төрийн системээр дамжиж бодлого боловсруулах түвшинд очиж байж бодлогоор дамжуулан бид энэ улс эх орныг хөгжүүлнэ. Тэрнээс зүгээр бизнесээ хийгээд баян тансаг амьдарч чадна ш дээ, яагаад чадахгүй гэж. Гэхдээ дан ганц баян байх миний хувьд сонин биш. Саяхан Сингапурын эцэг гэгддэг, тус улсын анхны Ерөнхий сайд Ли Куан нас барлаа. Тэр хүн нас барахаасаа өмнө миний амьдралын төгсгөл ирэхэд миний эргэн тойрны хүмүүсийн амьдралыг би өөрчилж чадсан уу, тэд нарт би сайн сайхан ирээдүй, тэр системийг нь бий болгож чадсан уу гэж би өөрөөсөө асуусан гэж хэлж байсан. Тэрүүгээр л амьдралын утга учир өөрөө хэмжигдэх учраас улс төрийн аль нэг намыг үзэл баримтлалаараа сонгоод тэрүүгээр дамжуулан монгол улсыг өөрчлөх гэдэг алсын зорилго уруугаа л би явж байгаа. Тийм учраас би улс төрийн намыг сонгосон. Алийг сонгосон бэ гэдэг нь мэдээж миний итгэл үнэмшилтэй холбоотой.
-АН-ыг сонгосон нь таны өөрийн суурь үзэл бодол, итгэл үнэмшилтэй холбоотой гэж та хэлээд байна уу?
-Тийм, миний итгэл үнэмшил цаашдаа Монгол улсыг өөрчилье гэсэн үзэл бодол байсан учраас улс төр, нам гэдэг эрх ашгаас илүү цаад талыг нь харж би улс төрд орсон.
-Та гадаадад их олон сургууль төгссөн, өөрөөр хэлбэл Америкт Дикинсоны их сургуулийн бакалавр, Австралийн Квинслэндийн их сургуульд магистр хамгаалсан. Энэ утгаараа та өндөр боловсролтой хүн. УИХ-д нэр дэвшээд гараагүй. Бас Боловсролын дэд сайдад таны нэр яригдаж байсан санагдана. Мэдээж таны өндөр боловсролыг үнэлэх ёстой хүмүүс нь үнэлэх байх. Харин яагаад та болон таны өндөр боловсрол Монголын төрд гарч чадахгүй байна вэ?
Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу…