2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын төв байрын урд талд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. Энэхүү жагсаал цуглаан удалгүй олон нийтийг хамарсан томоохон үймээн самуун болон өрнөж, хяналтаас гарах үед цагдаагийн хүчний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үймээн дэгдээгчид улмаар МАХН-ын төв байрыг галдан шатааж, цаашлаад Соёлын Төв өргөөний зарим хэсгийг шатааж эхэлсэн бөгөөд тэнд байсан театр, музей болон уран зургийн галлерей зэрэг түүх, соёлын олон үнэт зүйлс шатсан билээ.
Энэхүү үймээний үед таван хүний амь үрэгдсэн бөгөөд олон зуун мянган хүн гэмтэж бэртэж, 700 гаруй хүнийг баривчилсан байдаг.
Н.Энхбаяр тухайн үед Ерөнхийлөгч байсныхаа хувьд асуудлыг тайван замаар, эв зүйгээр, үймээн самуунгүй шийдэхийг чармайж, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр болон Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нарт үүрэг өгч зөрчилдөөнийг тайвнаар шийдэхийг анхааруулж байжээ.
Гэвч тэдний хэн нь ч үүсээд буй үймээн самууныг дарж чадахгүйгээ илэрхийлсэн байна. Иймээс тэр орой нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д Онцгой байдал зарлахыг хүссэн шийдвэрээ илгээжээ. УИХ түүний саналыг хүлээн авч 7 дугаар сарын 2-ны шөнийн 00 цагаас Онцгой байдал зарлав. Онцгой байдал зарласан гурван өдрийн турш Ерөнхийлөгч Н.Энхбаяр улстөрийн намуудын удирдлагуудтай Төрийн ордонд тогтмол уулзалдан, үүсээд буй зөрчилдөөнийг шийдвэрлэхийг уриалж байсан байдаг.
Үймээн самуун болсоны дараах өдрүүдэд улс төрийн намын удирдлагуудтай хийсэн уулзалтын тэмдэглэлийг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Н. Энхбаяр олон нийтэд ил болгосон.
Протоколд тэмдэглэснээр тухайн уулзалтад оролцсон улс төрийн намуудын дарга нарын хооронд уг асуудалд өөр өөрсдийн байр суурийг хамгаалан ширүүн маргалдаж байжээ. Прото¬колоос харахад ялан¬гуяа жагсагчдыг хэн хэрхэн, яаж буудаж байсан талаар АН-ын дарга Ц.Элбэгдорж тодорхой мэдээлэлтэй байснаа тэрхүү уулзалт дээр тодорхой ярьж байсан байна. Гэтэл 2012 оны хавар болсон ЦЕГ-ын хуучин удирдлагуудын дээрх үймээнтэй холбоотой асуудлаар болсон анхан шатны шүүх хурал дээр дээрх протоколд тэмдэглэгдэн үлд¬сэн Ц.Элбэгдоржийн ярьж хэлж байсан зүйл нотлох баримтаар огт сөхөгдөж яригдаагүй байна. Иргэдийн яаж буудуулж амиа алдсан талаар Ц.Элбэгдорж яаж тийм сайн мэдэж ярьж байсан нь олон нийтийн онцгой анхаарал татдаг. МАН 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд УИХ-д үнэмлэхүй олонх болсон ч дээрх улс төрийн хүндхэн нөхцөл байдал дунд улс орны эрх ашгийг удирдлага болгож, хоёр намын амлалтыг хэрэгжүүлэх үүднээс АН-ыг шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахад хамтран ажиллахыг урьсан юм. Тийнхүү Хамтарсан Засгийн газар байгууллагдсан.
2009 оны Ерөнхийлөг¬чийн сонгуулиар Н. Энхбаяр Ц. Элбэгдоржоос ганцхан хувийн саналын дутуугаар ялагдал хүлээсэн. Хожим Н. Энхбаяр тус Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус болсон гэж мэдэгдсэн ч 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг давтахгүйн тулд томоохон асуудал болголгүй өнгөөрсөн байдаг. 2011 онд МАХН-ын удирдлага намынхаа ууган нэрийг сэргээнэ хэмээн Монгол Ардын Нам гэж өөрчлөхөд Н. Энхбаяр МАХН-ын нэрээ солихгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсож, улмаар Улсын Дээд Шүүхэд МАХН-ыг шинэчлэн бүртгүүлснээр МАХН, МАН гэсэн тусдаа улстөрийн хоёр нам буй болсон.
МАХН-ын гишүүд Н. Энхбаярыг намынхаа даргаар ажиллах санал тавьсан нь түүний удирдах ажлын туршлага чадвар, мэдлэг боловсрол, МАХН-ын төлөө олон жил зүтгэж байсныг үнэлсэн хэрэг байв. Тийнхүү МАХН 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох эрх зүйн боломж бүрдсэн юм. Таван жилийн өмнөх энэ л өдөр цаг бусаар хорвоогоос буцсан таван залуугийн халуун амийг хэн ямар зорилгоор бүрэлгэсэн нь өнөөдрийг хүртэл тодорхой бололгүй тэр үеийн цаг¬даагийн удирдлагууд ял сонс¬соноор тэр аймшигт хэрэг замхран мартагдаж байна. Гэхдээ монголын шинэ түүхэнд “хар өдөр”-өөр тэмдэглэгдсэн энэ өдрийг хүмүүс өнөөдөр ч санан дурсаж байгаа нь тодорхой. Аймшигт энэ өдрийг мартаж болохгүй. Мартагдах ч учиргүй. Буудуулж цусандаа хутгал¬дан амиа алдсан таван залуугийн алтан амь энэ өдрийг эгнэгт сануулсаар байх болно. Өнөөдөр долоо-дугаар сарын нэгэн.