Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь-ийн урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь НИТХ-ын дарга Д.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ду Дэ-инь, НИТХ-ын даргыг Бээжин хотод хүрэлцэн ирсэнд нь талархаад “Ойрын хөрш холын садангаас дээр” гэж Монгол үг байдаг. Анх удаа НИТХ-ын даргатай уулзаж байгаа ч их дотно, сайхан байна. 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Бээжин хотууд ах дүүс болсон. Тиймээс бид хөршийн бас ах дүү хотуудын хувьд найрсаг харилцаагаа хөгжүүлж, бүх талаар хамтран ажиллах ёстой. НИТХ-ын даргын анхны айлчлал хоёр хотын хурал хоорондын хамтын ажиллагааг нээсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болж байгааг онцлон хэлэхэд таатай байна” гэв.
Уулзалтын үеэр хурлын дарга нар хотуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, бүтээн байгуулалт, дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалт, боловсрол, хүмүүнлэгийн бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцов.
НИТХ-ын дарга Д.Баттулга, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь-ийг төлөөлөгчдийн хамт тааламжтай цагтаа Улаанбаатар хотод зочлохыг урьлаа гэж НЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.