Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей ирэх Мягмар гарагт болох гэж байна. “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсонуг чуулганд Азийн 23 улс, Монгол орны өнцөг булан бүрээс нийт 600 гаруй төлөөлөгч, сайн дурын 100залуу оролцоно. Олон улсын арга хэмжээ гэдэг утгаараа Монгол улсын нэр хүнд хэрхэн олон улсад үнэлэгдэх нь уг чуулганы төгсгөлд дүгнэгдэнэ. Иймд өчигдөр чуулганы бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг шалгахаар Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиолла Пашоллари манай улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх тэргүүтэй ажлын хэсгийнхэн угтан авсан юм. Хатагтай Эдиолла Пашоллари хэлэхдээ: “Монгол их сайхан орон. Тиймдээ ч энэ удаагийн чуулган тус улсад зохион байгуулагдаж байгаа нь сайн хэрэг. Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо энэ удаагийн чуулганд ач холбогдол өгч, өндөр түвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол улсад Дэлхийн Залуучуудын Ассамблейн шинэ удирдах бүрэлдэхүүн анх удаа хуралдана” гэсэн бол МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх: “Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг зохион байгуулах нэр хүндтэй үүрэг монголын залууст оногдсонд бид талархаж байгаа. Үүрэг хариуцлага ихтэй тус чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд бид ихээхэн ач холбогдол өгч хичээн ажиллаж байна” гэдгээ дуулгасан юм. Дашрамд дуулгахад тус чуулганыг гадны 20, дотоодын 100 орчим сэтгүүлч сурвалжилах юм.